2023 оны 06 дугаар сарын 30-нд “Халамж ба хүүхдийн мөнгө” нэртэй группэд “Сайн уу, Сайн байна уу гэж бичээд 50,000,000 төгрөг аваарай. Жич: Буцаан олгохгүй” гэсэн тайлбартай пост оруулсан нь 71 реакц, 367 сэтгэгдлээр идэвхжүүлж, 4 удаа цааш түгээгдсэн байна. Энэ мэтээр нээлттэй группүүдэд пост оруулсаар байна.
Мэдээллийн бодит байдлыг мэдэх анхан шатны аргуудаа ашиглан энэ төрлийн мэдээллийг дараах байдлаар шалгаж сураарай.
Логик буюу учир шалтгааныг тунгааж үзээрэй
Эхний хүмүүст өгнө, хямдрал хоёрхон цаг гэх мэтээр яаруулж, хүнийг бодох завдалгүй үйлдэл хийлгэхийг санаархсан нь хуурамч мэдээллийн нэг шинж чанар юм. Шалгаж буй мэдээлэлд ямар нэг нөхцөл тавьж, барьцаа шаардаагүй, зээл бус, зүгээр л сайн уу гэсэн хүн бүрд 50 сая төгрөг өгнө гэхэд шууд итгэх хүн ховор байх.
Гэвч “юмыг яаж мэдэх вэ” гэсэн сэтгэхүйгээр реакц дарж, сэтгэгдэл үлдээж, чатаар харилцах хүн зөвхөн нэг постод нь 400 гаруй байна. Энэ хэмжээгээр тухайн хаягаас дараа дараагийн удаад оруулах мэдээлэл харагддаг болж, мөн таны хуваалцсан, идэхжүүлсэн нь таны хаягийг дагадаг, найз болсон хэрэглэгчдэд харагдах гэх мэтээр хуурамч мэдээлэл цахим алгоритмын тусламжтайгаар түгсээр байна. Тиймээс эргэлзэж буй мэдээллээ бүү идэвхжүүлээрэй.
Хаягийг шалгах
Мэдээлэлд шалгалт хийх хамгийн анхны үйлдэл бол хаяг дээр нь дарж ороод зураг, түүхийг нь үзэх явдал. Todi Edouard гэх хаяг нүүр зургаа оруулснаас өөрөөр нээлттэй пост хийгээгүй байна. Харин нээлттэй группүүдэд зээл олгох тухай зар оруулсан байна.
Хаягийн мэдээлэлд өөрийн танилцуулгаа бөглөөгүй, хөтөлсөн түүхгүй, нэр зураг нь тодорхойгүй ийм төрлийн хаягаас явуулж байгаа мэдээлэлд болгоомжтой хандаарай.