Search

Чихрийн шижинг бүр мөсөн эдгээх эмчилгээ одоогоор байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #592

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Киви, алим, банана, байцайны шүүс ууснаар чихрийн шижинг бүр мөсөн эмчилнэ гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Өнөөг хүртэл шинжлэх ухаан чихрийн шижинг бүрэн эмчлэх аргыг тогтоогоогүй байгаа бөгөөд ямар нэг жимсний шүүс уулаа гээд чихрийн шижин эдгэхгүй.

2023 оны 06 дугаар сарын 23-нд Monnews нэртэй пэйжид “Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ” гэсэн гарчигтай, monnews.life домайн дээр байршуулсан мэдээллийг байршуулсан нь 06 дугаар сарын 30-ны байдлаар 25 реакц, 128 удаа цааш хуваалцжээ.

Тус домайн дээр байршуулсан мэдээллийн тархацыг crowdtangle хэрэглүүрээр шалгахад 2021 оны 10 дугаар сарын 2-ноос хойш Facebook-т 54 удаа дахин оруулж, нийт 17,983 хариу үйлдэл авсан байна. Мэдээлэлд төрөл бүрийн жимсний холимог шүүсийг сар уухад чихрийн шижинг бүрэн эдгээнэ гэж дурдсан ба орцонд нь алим, банана, киви, байцай зэргийг дурджээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Чихрийн шижинг бүрэн эмчлэх эмчилгээ одоогоор байхгүй

Их Британийн Чихрийн шижин судлалын хүрээлэнгийн мэдээлэлд:

“Чихрийн шижинг бүрэн эмчлэх эмчилгээ одоогоор байхгүй. 1 болон 2 дугаар төрлийн чихрийн шижинг ялгаж ойлгох нь зүйтэй. 2 дугаар төрлийн чихрийн шижингийн үед жингээ зөв зохицуулах нь маш чухал. Жин хэвийн хэмжээндээ байх үед цусан дахь глюкозын түвшин ч тогтворждог. Гэхдээ энэ нь чихрийн шижин бүрэн эдгэчихнэ гэсэн үг биш. Тиймээс тогтмол эрүүл мэндийн үзлэгт орж, эмчийн хяналтад байх нь зүйтэй. Харин 1 дүгээр төрлийн чихрийн шижингийн үед дархлааны систем инсулин ялгаруулагч бэта эсүүдийг устгачихдаг учир дархлааны системийн дайралтыг сааруулах эмчилгээ хийдэг. Дэлхий даяарх маш олон судалгааны төв эмчлэх аргыг хайж буй ч бүрэн эмчлэх арга одоогоор байхгүй” гэсэн байна.

2. Олон улсын баримт шалгагчид дараах байдлаар шалгажээ

IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Vishvas News баримт шалгах төв бидний шалгаж буйтай яг ижил дэглэмийн талаар баримт шалгалт хийж мэргэжлийн хүмүүстэй холбогдож, тайланг 2019 оны 12 дугаар сарын 09-нд вэбсайтдаа байршуулсан байна. Баримт шалгалтад:
”Бид АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төв байгууллагын вэбсайтаас шалгахад чихрийн шижинг бүр мөсөн эмчлэх боломж одоогоор байхгүйг дурдсан байв. Хамгийн гол нь эрүүл хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, шаардлагатай тохиолдолд эмийг зөв хэрэглэх нь сэдрээхгүй байх хамгийн зөв арга ажээ. Мөн бид C-DOC Fortis дотоод шүүрлийн эмнэлгийн захирал, эмч Ритэш Гуптагаас тодруулахад тэр бидэнд “Ямар нэг жимсний шүүс уугаад чихрийн шижинг бүрэн эдгээчихнэ гэсэн ойлголт байхгүй. Жимс хүний биед сайн, жимсний шүүс ч хүний биед сайн. Гэхдээ чихрийн шижинг эмчлэхгүйг анхаарна уу” гэх хариултын өглөө” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document