2023 оны 06 дугаар сарын 05-нд Жинг Хасъя нэртэй пэйжид reel бичлэг оруулжээ. Тус бичлэгт үсэндээ оливийн тос, өндөг, нимбэгний шүүс, хийжүүлсэн ундаа зэргийг хэрэглэснээр үс илүү гялалзсан, өнгөлөг болж буйг харуулсан байна. Нийт 8.9 мянган реакц, 320 сэтгэгдэл авч, 4.5 мянган удаа цааш хуваалцжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Өндөг болон оливийн тос нь үсэнд сөргөөр нөлөөлөх нь бага хэдий ч зөв хэрэглэх ёстой
АНУ-ын Уолдэний их сургуулийн багш, доктор Дэбра Рөүз Уилсон Medical News Today сайтад өөрийн хянасан нийтлэлд зөвлөмж тусгасан нь:
”Хүн төрөлхтөн 11 дүгээр зуунаас эхлэн өндгийг үсэнд ашиглаж ирсэн байдаг. Мэдээж өндөг өөрөө уураг, аминдэмээр баялаг хэдий ч өндгийг шууд үсэнд хэрэглэх дээр дорвитой үр дүн гарсан ямар нэг судалгаа байхгүй. Гэсэн хэдий ч тухайн хүн өндөгний харшилтай л биш бол сөргөөр нөлөөлөх нь ховор нь. Өндөг үсэндээ түрхсэн бол бүлээн эсвэл халуун усаар зайлж болохгүй. Учир нь өндөг чанагдаж, хатуурч үстэй зууралдаж дараа нь шампунь хэрэглэсэн ч салгахад хэцүү болдог. Мөн тослог үстэй хүн өндөгний шар түрхвэл үс нь улам тослог харагдах магадлалтай тул зөвхөн цагааныг хэрэглэх нь зүйтэй” гэсэн байна.
Мөн Insider сэтгүүлд байршуулсан мэдээлэлд оливын тос нь зарим төрлийн үсэнд зохицохгүйг сануулжээ. Тэд гоо сайхны бүтээгдэхүүн судлаач Фабио Шалиа, анагаах ухааны доктор Патрик Зито, АНУ-ын Бага насны хүүхдийн арьс судлалын нийгэмлэгийн Каран Лал нараас тодруулга авсан байна. Мэдээлэлд “Бүдүүн ширхэгтэй, ширүүн, хуурай үсэнд хэрэглэж болно. Нарийн ширхэгтэй, шулуун үсэнд шууд хэрэглэхэд жин дарж, тослог мэт болгодог. Үс хагтдаг бол оливын тос ашиглах хэрэггүй. Учир нь оливын тос нь хаг үүсгэгч хөрөнгөний өсөлтийг идэвхжүүлдэг” гэсэн байна.
2. Нимбэгний шүүс болон хийжүүлсэн ундаа нь үсийг өнгөлөг харагдуулдаг нь үнэн ч үсийг гэмтээж байдаг
Массачусетсийн их сургуулийн багш Ричард Спенсер stylecraze гоо сайхны цахим сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хийжүүлсэн ундаа нь хийжүүлсэн ус, чихэр, фосфорын хүчил, каффейн, амт оруулагч, хүнсний будаг зэргийг агуулдаг. Үүгээр үсээ угаах үед дотор агуулагдаж буй найрлага нь үсэнд шингэж үс илүү биежсэн мэт харагддаг. Дээрээс нь хийжүүлсэн ундаа бага зэрэг хүчиллэг шинж чанартай тул үсний хамгаалагч давхаргыг бүрж гялалзуулна. Гэвч хийжүүлсэн ундаа нь ямар нэг гоо сайхны цэвэрлэгээний зориулалттай бодис агуулахгүй тул үсийг цэвэрлэхгүй. Мөн үс, хуйхан дээрээ чихэрлэг, хүчиллэг шингэн байлгах нь гэмтээх эрсдэлтэй бөгөөд тогтмол хэрэглээний явцад маш хуурай, загатнасан, хагтай болгох эрсдэлтэй. Гэсэн ч үүнийг хэрэглэх эсэх нь таны сонголт учир өөрт тань сэтгэл ханамжтай байвал таны л эрүүл мэнд, таны л аюулгүй байдал юм. Цахим сүлжээгээр зөвлөгөө өгсөн этгээд таны үсний өмнөөс хариуцлага хүлээхгүй л болов уу” гэсэн байна.
Гоо сайхны бүтээгдэхүүн судлалын Lab Muffin Beauty Science цахим сэтгүүлд 2019 оны 01 дүгээр сарын 10-нд байршуулсан мэдээлэлд хэрэглэгчид үсэндээ нимбэг түрхэх нь түгээмэл болсныг онцолж, зарим сануулгыг хүргэжээ.
“Нимбэгний шүүс хэрэглэхдээ хуйхандаа хүргэж болохгүй. Идэж болдог учраас арьсан дээр байсан ч аюулгүй гэж бодох буруу. Үнэхээр үсэнд сайн орц агуулдаг нь үнэн ч хуйханд сөргөөр нөлөөлөх бодисууд ч агуулдаг. Нимбэгний шүүсэн дэх зарим химийн бодис нарны туяагаар идэвхжиж загатнаа үүсгэдэг. Ховор тохиолдолд арьсыг түлж цэврүүтүүлэх тохиолдол ч бий. Мөн арьсны зохист пигментүүдийг устгаж арьс, хуйхыг алаг цоог болгодог. Тиймээс аль болох зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэх, үнэхээр нимбэг хэрэглэчихсэн бол маш сайн зайлах шаардлагатай” гэсэн байна.