2023 оны 06 дугаар сарын 23-нд “Эрдэнэс Таван Толгой 1072 Хувьцаа нэртэй группэд “Хувьцаа Арилжаа” гэсэн хаягаас “1072 хувьцааны ногдол ашиг тараах гэж байгаа бөгөөд шинэчилсэн бүртгэлээ хийлгээрэй” гэх агуулгатай мэдээлэл, заавар зургуудын хамт оруулсан нь 120 удаа цааш түгээгдээд байна.
Уг постод, “Анхааруулга мэдэгдэл. Эрдэнэс тавантолгой” компани хувьцааны иргэдийн шинэчилсэн бүртгэлээ яаралтайгаар хийлгэж ноогдол ашигаа данс луугаа авах боломжтой.манайх сүүлийн бүртгэл хийгдэж эхлэлсэн. Сүүлийн өдөр хийгдэж эхлэсэн. 2023 онь 6 сарын 23 нийг дуустал. Өнгөрсөн долоо хоногт 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд хэзээ өгөх талаар тодруулахад “Эрдэнэс тавантолгой” компани ногдол ашгийнхаа мөнгийг бүрэн шилжүүлж дууссан. 97 тэрбум төгрөг дутуу. Хэрэв энэ мөнгө бүрэн орж ирвэл иргэдийн хувьцааны ногдол ашгийг өгнө” хэмээн мэдэгдсэн юм / “Эрдэнэс тавантолгой” компани хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 97 тэрбум төгрөгийг Сангийн яам руу шилжүүлсэн байна. Ингэснээр иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг түгээхэд шаардлагатай 197 тэрбум төгрөг бүрдэж байна гэсэн үг. Шинэчилсэн бүртгэлтэй хамрагдсан бол одоо ногдол ашгаа иргэдийн данс руу шижлүүлэх ажил үлдэж байна. иргэдэд ногдол ашиг түгээхийг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан…” гээд зааврыг оруулсан байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Аглуулгыг нягтлах
Шалгаж буй мэдээлэлд 06 дугаар сарын 23-ныг дуустал үнэт цаасны дансны шинэчилсэн бүртгэл хийж байна гэх ойлголт өгөхийг санаархсан байна. Гэтэл Засгийн газар, Эрдэнэс Тавантолгой ХК зэргээс 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа.
Сангийн сайд энэ оны 4-5 дугаар сард 1072 хувьцааны ногдол ашиг тараахаар төлөвлөж байгаа тухай мэдээлсэн ч санхүүгийн боломжгүй тул 10-15 мянган төгрөг л ногдож байгааг ЗГХЭГ-ын дарга мэдэгдэж байв
2023 оны 01 дүгээр сарын 11-нд Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ ““Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, УИХ-ын түвшинд энэ асуудал яригдахаас өмнө энэ оны 4-5 дугаар сард ногдол ашиг тараахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл өгсөн” гэсэн.
Гэвч 02 дугаар сарын 3-нд Бүрэн эрхэт төлөөлөгчөөр ажиллаж буй Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой ХК-аас ногдол ашиг тараах санхүүгийн боломжгүй байна. Ирэх 4-р сард 400 тэрбум, 8-р сард 100 тэрбум гээд нийт 500 тэрбумын бондын өрийг төлөх ёстой. Мөн ковидын үед мөнгийг нь түрүүлж аваад дараа нь нүүрс нийлүүлэх гэрээнд 400-603 сая ам.долларын өр төлбөрүүд байна. Түүнчлэн компанийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл, төмөр замын төслүүдийг санхүүжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай. Тиймээс бид ногдол ашиг тараах санхүүгийн боломжгүй байна” гэж мэдэгдэж байв.
Улмаар 02 дугаар сарын 6-нд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой дотоодод 500 гаруй тэрбум төгрөгийн бонд босгосон өртэй, төмөр замын төслийг хэрэгжүүлсэн санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийн өр бий. Эдгээр өр төлбөрийг төлж барагдуулахгүй бол дараа жилээс дахиад алдагдалтай ажиллах нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс ЗГ-ын зүгээс нэр тэргүүнд тус компанийн өр төлбөрийг барагдуулах бодлогыг хэрэгжүүлнэ. 2021 онд 190 гаруй тэрбум төгрөгийн ашиг олсон бөгөөд үүнийг 1072 хувьцааны ногдол ашиг болгон тараахад нэг хүнд 15 мянган төгрөг, 2022 оны ногдол ашгийн тухайд 10 гаруй мянган төгрөг нэг хүнд оногдож байна. Дээрх мөнгийг иргэдэд өгөх нь төдийлөн өндөр ач холбогдолгүй” гэсэн юм.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас ногдол ашиг тараах шийдвэр гараагүй байна
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг гаргаж, ТУЗ-ийн гишүүдийн хурлаар албажуулдаг. Одоогийн байдлаар Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат гишүүнээр ажиллаж байна.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны 05 дугаар тогтоолоор “Ногдол ашгийн журам” баталсан. Уг журмын дөрөвдүгээр зүйлийн 4.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан.
2020 оны 04 дүгээр сарын 24-нд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болж, 2019 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас ногдол ашиг тараах шийдвэр гаргасан ба нэгж хувьцаанд 90 төгрөг байхаар тооцон 2,512,768 хувьцаа эзэмшигч иргэдэд нийтдээ 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ.
Одоогийн байдлаар 1072 хувьцаанд ногдол ашиг тараах шийдвэр гараагүй байна.
Хаягийг шалгах
“Хувьцаа Арилжаа” гэх хаяг руу орж үзэхэд Үнэт цаасны данс нээж, үйлчилгээ үзүүлдэг гэх мэдээлэл, түүх байхгүй ба нээлттэй байршуулсан ямар нэг пост оруулаагүй байна.