2023 оны 06 дугаар сарын 28-нд 𝙎𝙖𝙢𝙨𝙪𝙣𝙜-𝙁𝙖𝙣𝙨 нэртэй пэйжээр “Өнөөдрийн онцгой сюрприз. Өнөөдөр зурган дээрх {43}-аас өөр дугаар олсон хүнд гэнэтийн бэлэг барих болно. Жич: Энэхүү үйл ажиллагаа нь манайхаас хэзээ ч бэлэг авч байгаагүй хүмүүст зориулагдсан болно. Хэрэв та манайхаас ямар нэгэн зүйл авсан бол бусдад бэлэг авахыг зөвшөөрнө үү” гэсэн тайлбартай Samsung брэндийн гар утасны зураг бүхий пост оруулсан нь 320 реакц, 1.2 мянган сэтгэгдэл авч, 4.1 мянга гаруй удаа цааш түгээгдсэн байна.
Уг постын сэтгэгдэл хэсэгт “Албан ёсны вэб сайтад тавтай морилно уу. Ялахын тулд дараах алхмуудыг дагана уу. 1. Манай хуудсанд лайк дарна уу. 2. Энэ постыг өөрийн групп болон найзуудтайгаа хуваалцаарай. Ямар нэг зүйл байна уу? Хэрэв та азтай бол манай хамт олон танд хувийн мессеж илгээх болно. Манай мессежийг яг одоо шалгаарай” гэсэн тайлбар оруулжээ.
Хуурамч мэдээллийн нэг хэлбэр нь бэлэг өгөх тухай хялбар нөхцөлтэй, мөн олон тоотой, эсвэл тооны хязгааргүй тараана гэх мэтээр хэрэглэгчдийн анхаарлыг татаж, бодох завдалгүй хариу үйлдэл хийж идэвхжүүлэхэд чиглэсэн байдаг.
Мэдээллийн бодит байдлыг шалгах анхан шатны аргуудаас хэдхэн хором зарцуулаад хийж үзсэний дараа шэйрлэх эсэхээ шийддэг байгаарай.
Мэдээллийг нийтэлсэн пэйжийн танилцуулгыг Page trancperancy цэсээр орж үзэхэд 2023 оны 05 дугаар сарын 4-нд нээсэн, 121 дагагчтай байна. Хаяг, байршил, холбоо барих мэдээлэл байхгүй ба шалгаж буй мэдээллээс өөр пост оруулаагүй байна.
Олон улсад нэр хүнд бүхий байгууллага 121 дагагчтай, албан хаяг хөтлөлт байхгүй пэйжээр менежментийн үйл ажиллагаагаа сурталчлахгүй. Эдгээр шинжээс үзэхэд уг мэдээллийг хуурамч гэж үзэх үндэслэлтэй.
Samsung.com сайтаас Монгол улс дахь албан ёсны олон нийттэй харилцах сувгуудыг харах боломжтой. Албан ёсны вэбсайт болон пэйжийн алинд нь ч бэлэг, утас тараах зэрэг мэдээллийг ойрын хугацаанд нийтлээгүй байна.
Брэндийн албан ёсны сайт дахь танилцуулгад Samsung брэнд анх 1969 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба SamsungMongolia пэйжийг 2013 онд байгуулсан, 162,433,776 дагагчтай, Казахстанаас 4, Монголоос 13 админ удирддаг гэжээ.