2022 оны 06 дугаар сарын 24-нд Аавууд & Ээжүүд нэртэй пэйжид “Домогт жүжигчин Жет Ли таалал төгсжээ. Хүүхэд насны минь шүтээн” гэх тайлбартайгаар зураг оруулсан нь 06 дугаар сарын 28-ны байдлаар 1.3 мянган реакц, 76 сэтгэгдэл авч, 46 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Ашигласан зураг эвлүүлэг
Шалгаж буй мэдээлэлд ашигласан зургийг Google Reverse image search хэрэглүүлээр хайхад зөвхөн Жет Ли биш, олон алдартны зургийг орлуулан ашигласан илэрцүүд гарч ирж байна.
Уг зургийг олон давтан ашигласан байгаа нь зураг хуурамч байж магадлалтайг илтгэх тул хамгийн анхны илэрц ямар байгааг харьцуулж харах нь зүйтэй.
Тус зургийн анхны илэрцүүд 2009 оны 08 дугаар сарын 23-нд тархсан байх ба Канадын CBC агентлагийн вэбсайтад “Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгч Ким Дэ Жүний оршуулгыг зохион байгуулж, гашуудал зарлалаа” гэх гарчигтай оруулсан байна. Зургийг анх АНУ-ын Холбооны хэвлэлээс авсан гэж тэмдэглэжээ.
Иймд шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зураг эвлүүлэг байна.
2. Жет Ли нас барсан гэх мэдээлэл өмнө нь ч тархаж байжээ
IFCN олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Рапплер агентлаг 2018 онд тархаад байсан “Жет Ли нас барсан” гэх мэдээлэлд баримт шалгалт хийж вэбсайтдаа байршуулсан байна. Баримт шалгалтад:
“Жүжигчин Жет Ли нуруу, нугасны өвчтэй болж, бамбай булчирхайн даавар хэт ялгаралтаас болж биеийн байдал тааруу байгаагаа мэдэгдэж байсан ч жүжигчин амьд сэрүүн байгаа. Түүний биеийн байдал ч сайжирч байгааг биет төлөөлөгч нь USA Today агентлагийнханд мэдээлжээ” гэсэн байна.
Тэгвэл Жет Литэй холбоотой мэдээллүүд 2023 оны 03 дугаар сараас эхлэн Индонезид түгэж эхэлснийг Индонезийн PKB агентлаг мэдээлж, хуурамч мэдээлэл болохыг нь сануулж өөрсдийн вебсайтад 06 дугаар сарын 26-нд мэдээлэл байршуулжээ.
Мөн олон улсад уг хуурамч мэдээлэл түгэж эхэлснээс хойш 05 дугаар сарын 17-нд жүжигчин Жет Ли өөрийн албан ёсны пэйждээ 1993 онд тоглож байсан киноныхоо бичлэгийг шинээр оруулсан байна.