Олон улсын байгууллагын нэр барьж залилан хийж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #580

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“АНУ-ын засгийн газар Дэлхийн банктай хамтран ядуурлыг бууруулахад туслах зорилгоор Монголын нийт хүн амд гэр бүлийн тэтгэлэг тараасан” гэх мэдэлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

АНУ-ын Засгийн газар Дэлхийн банктай хамтран Монгол Улсын нийт хүн амд буцалтгүй тусламж олгосон гэдэг нь худал юм.

2022 оны 12 сарын 10-наас эхлэн “Noukpo Marius” нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн хаягаас “АНУ-ын засгийн газар Дэлхийн банктай хамтран ядуурлыг бууруулахад туслах зорилгоор Монголын нийт хүн амд гэр бүлийн тэтгэлэг тараасан. Энэ бол манай тэтгэлгийг төлөхгүйгээр гэр бүлийн зээл, тэтгэлэг юм. Хэрэв та буцаан олгогдохгүй санхүүгийн тусламжаа аваагүй бол бидэнд шууд мессеж (Facebook эсвэл Messenger) илгээнэ үү” гэх тайлбартай постуудыг олон гишүүнтэй фэйсбүүк группүүд руу олон удаагийн давтамжтайгаар оруулсаар байна. 

Тухайлбал, “🇲🇳 БАНКНЫ ХҮҮГ БУУРУУЛАХ ТЭМЦЭЛД НЭГДЭЦГЭЭЕ…”,“МОНГОЛЫН ХУРДАН МОРЬ СОНИРХОГЧДЫН НЭГДСЭН ГРУПП” зэрэгт оруулсан постууд нь 200 орчим хариу үйлдэл аьсан байна.   

Баримт шалгалтын дүн

Ядуурлыг бууруулахыг дэмжих зорилгоор АНУ-ын Засгийн газар Дэлхийн банктай хамтран Монгол Улсын нийт хүн амд буцалтгүй тусламж олгосон гэдэг нь худал юм. Дээрх хаяг нь олон улсын байгууллагуудын нэрийг ашиглан буцалтгүй тусламж, тэтгэлэг, зээл олгох нэрийдлээр цахим орчинд иргэдийн хувийн мэдээлэл, мөнгийг авч, хохироох эрсдэлтэй байна. 

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав

  1. Хаягийг нягтлах

Мэдээлэл оруулсан хэрэглэгчийн хаяг “Noukpo Marius”, user ID нь “100015656567118”. Өөрийн тухай мэдээллээ оруулдаг хэсгийг орж харахад хаягийн эзэн оршин суудаг газраа Бенин улсын Абомей-Калави хот гэж тавьсан бөгөөд хүйсээ эрэгтэй гэсэн байна. 

Тус хаягаар олон улсын тусламж үзүүлэх эрх хэмжээний хүн болохыг нотлох ямар ч мэдээлэл алга байна.

  1. Зургаар нягтлах 

Тус хаягийн оруулсан профайл, ковер зургийг нягталж үзэхэд анх 2022 оны 03 сарын 19-нд НҮБ-ын Тусгай илтгэгч Янги Лигийн зургийг ашиглан профайлдаа оруулсан байна. Түүнчлэн, 2022 оны 03 сарын 19, 24-нд Мьянмарын сөрөг хүчний тэргүүн Ан Сан Су Чигийн зургийг өөрийн ковер зураг болгон оруулжээ. Үүнээс өөрөөр тухайн хаягийн эзнийг тодорхойлж болохуйц ямар нэг пост, мэдээлэл, зураг байхгүй байна.

  1. Агуулгаар нягтлах 

Пост доор сэтгэгдэл бичсэн хүмүүсийн хариуд тухайн хаяг руу зөвхөн чат бичих нөхцөл тулгасан байна. Түүнчлэн, зарим сэтгэгдлийн доор “Tseweene Tseweene” нэртэй хаягаас “Мөнгөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл яг одоо над руу бичээрэй” гэсэн хариуг үлдээсэн байна. Тухайн хаяг руу орж үзвэл, шалгаж буй мэдээлэлтэй яг ижил тайлбар бүхий маш олон тооны постуудаас гадна “Хаан банкны данстай бол их хэмжээний зээл олгоно” гэсэн утга, тайлбартай постуудыг өдөр бүр шэйрлэдэг болох нь харагдлаа. 

2022, 2023 онд ядуурлыг бууруулахыг дэмжих зорилгоор АНУ-ын Засгийн газар Дэлхийн банктай хамтран Монгол Улсын нийт хүн амд буцалтгүй тусламж олгосон гэдэг нь худал бөгөөд энэ талаар холбогдох эх сурвалжуудад ямар ч мэдээлэл байхгүй байгааг АНУ-ын Элчин сайдын яам, Дэлхийн банкны албан ёсны вебсайтуудаас баталгаажуулан харлаа.   

Эдгээр хаягаас оруулсан постуудын доор “мөнгө авъя гээд чат бичихээр баахан мөнгө нэхдэг, тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсний дараа мөнгө өгнө гэж хэлдэг, худлаа юм байна лээ” гэх мэт сэтгэгдлүүд байна. Үүнээс харахад, дээрх хаягууд нь олон улсын байгууллагуудын нэрийг ашиглан зээл, тусламж олгох нэрийдлээр хүмүүсээс мөнгө авч, залилан хийж байж болзошгүй байна. 

Мөн олон давтамжтай пост оруулж буй эдгээр хаягт холбоо барих утасны дугаар, тодорхой хаяг байршил байхгүй, зөвхөн чатаар харилцах нөхцөл тулгадаг зэрэг цахим залилангийн шинжүүд их байгаа тул иргэн та хувийн мэдээлэл, дансны дугаараа өгч, өөрийн эд хөрөнгө, санхүүгээрээ хохирохоос ямагт сэргийлээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document