“Нархан-Гэрэлт ирээдүйг хамтдаа”, “Сонирхолтой” нэртэй фэйсбүүк пэйжүүдэд 2021 оны 11 сарын 16-наас эхлэн “Орой унтахдаа үүнийг түрх. Өглөө нь сэрээд та миний үрчлээс хаачив гээд балмагдаж мэднэ шүү!” гэх тайлбартай постыг narhan.me сайт руу орж унших байдлаар олон удаагийн давтамжтайгаар оруулжээ. Тухайн мэдээлэл нь хамгийн сүүлд энэ сарын 09-нд дахин постлогдсон бөгөөд мэдээллийн нийт хандалтыг CrowdTangle хэрэглүүрээр шалгахад 06 дугаар сарын 20-ны байдлаар нийт 1387 реакц, 110 сэтгэгдэл авч, 6055 удаа цааш түгээгдсэн байна.
Мэдээлэлд хавсаргасан линкээр орвол “Ганц шөнийн дотор л арьсаа зөөлрүүлж, толигор болгохын зэрэгцээ зураасан үрчлээнээс сална гэхээр нэг бодлыг итгэмээргүй мэт боловч, нэг бодлын заавал туршиж үзэх хүслийг төрүүлнэ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн нууцуудын нэг нь яах аргагүй тэдний өөгүй тунгалаг, үрчлээгүй арьс байдаг шүү дээ. Тэгвэл та бүхэндээ ганц шөнийн дотор гоо үзэсгэлэнг бэлэглэх маск болон аргуудыг сурч авъя.” гэжээ. Тодруулбал, хүүхдийн будаа, шар айраг, сүү, ургамлын тос гэсэн орцуудыг ашиглан маск бэлтгэж, хэрэглэснээр нүүр үрчлээгүй болгох боломжтой тухай нийтэлсэн байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийв
Шалгаж буй мэдээлэлд дурдсанчлан хүүхдийн будаа, шар айраг, сүү, ургамлын тос зэргийг ашиглан нүүрний маск бэлтгэж, хэрэглэх нь үрчлээ арилгадаг нь туршилтаар батлагдсан эсэх, эдгээр бүтээгдэхүүн нь хүний арьсанд ямар нөлөөтэй болохыг тогтоосон судалгаа, шинжилгээ олон улсад хийсэн эсэхийг мэдээллийн найдвартай эх сурвалжуудаас хайн шалгалаа.
1. Семолина /semolina/ буюу бидний хэлж заншсанаар хүүхдийн будаа (каш) нь хатуу улаан буудайнаас гаргаж авдаг нэгэн төрлийн гурил юм. Тодруулбал, хатуу буудайг тээрэмдэх үед хамгийн тэжээллэг хэсгүүд нь газарт унаснаар үүсдэг байна. Энэхүү дайвар бүтээгдэхүүнд ус, илчлэг, уураг, нүүрс-ус, ислэг, кальци, төмөр, магни, фосфор, зэс, цайр гэх зэрэг 52 төрлийн эрдэс бодис тодорхой хэмжээтэйгээр агуулагддаг болохыг АНУ-ын ХААЯ-ны албан ёсны сайтад мэдээлжээ. Түүнчлэн энэ нь дархлаа сайжруулах, холестерин бууруулах, зүрхний эрүүл мэндийг дэмжих, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулах, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахад тустай болох талаар цахим эмийн сангийн үндэстэн дамнасан компани болох PharmEasy сайтад нийтэлсэн байна. Семолина нь цавуулаг чанартай учир төрөл бүрийн буудай болон цавуулаг орц, найрлагаас харшилдаг, мэдрэг хүмүүс хэрэглэвэл дотор муухайрах, бөөлжих, ходоодны хямрал, суулгалт, найтаах, толгой өвдөх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ерөнхийдөө эдгээр болон бусад эрүүл мэндийн эх сурвалжуудаас уг дайвар бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хайхад хүний бие, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, хоол хүнсэнд хэрэглэхтэй холбоотой мэдээллүүд л олдсон бөгөөд харин хүний арьсанд ямар нөлөөтэй болохыг нарийн судалсан туршилт, шинжилгээний ямар нэг мэдээлэл байхгүй байгаа юм.
2. Шар айраг хүний арьсанд хэрхэн нөлөөлдөг болохыг хамгийн сүүлийн үеийн судалгааны мэдээллээс хайн шалгалаа. Краков дахь “Бронислав Чехийн биеийн тамирын академи”-аас 2019 оны 1,3 дугаар сард шар айраг ашиглан хийсэн маск нь хүний нүүрний арьсанд хэрхэн нөлөөлж буйг судлах зорилгоор 20-23 насны, 12 эмэгтэйг хамруулсан туршилт, судалгаа хийсэн байна. Энэхүү туршилтын үр дүнг Европын эрдэмтэн, судлаачдын цахим сүлжээний нэгдэл болох ResearchGate сайтад нийтэлжээ. Шар айраг ашиглан хийсэн маскны эмчилгээг эхлэхээс өмнө тухайн туршилтад оролцогч эмэгтэйчүүдийн нүүрний арьсны чийгшлийн түвшин нь хоорондоо ижил байжээ. Туршилтын дүнгээр шар айрагны ашиглан хийсэн маскийг нэг удаа хэрэглэсний дараа эпидерм буюу арьсны өнгөн давхаргын чийгшил нэмэгдсэн хэдий ч арьсны тос, тослогжилтын түвшинд тодорхой нөлөө үзүүлээгүй байна. Энэхүү туршилт нь хязгаарлагдмал хүрээнд л нотлогдоод байгаа учир туршилтын судалгаа гэж үзээд, цааш илүү боловсруулж, үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.
3. Сүү нь хүний арьсанд хэрхэн нөлөөлдөг тухай агуулгыг АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан мэдээлэлд үндэслэн шалгалаа. Сүү нь биологийн шинж чанараараа олон төрлийн уураг бүхий баялаг найрлагатай байдаг. Эдгээр найрлага нь арьсны өвчнийг анагаах, дархлаа сэргээх, хорт хавдартай тэмцэх, бичил биетнүүдтэй тэмцэх зэрэг эмчилгээний ач тустай байдаг аж. Сүүний түүхий эд дээр олон тооны судалгаа хийгдсэн байдаг ч тэдний үр нөлөөг баталгаажуулсан эмнэл зүйн туршилт цөөн байдаг учир сүүн бүтээгдэхүүнийг эм гэхээс илүүтэй хүнсний нэмэлт болгон хэрэглэдэг байна. Сүүний түүхий эд дундаас ангир уураг нь хүний дархлааг сэргээхэд маш сайн үр дүнтэй бөгөөд арьсны өвчнийг эмчлэх болоод гоо сайхны бүтээгдэхүүний идэвхтэй найрлага болгон ашигладаг болохыг тогтоожээ. Гэвч арьсны эмчилгээний ихэнх судалгаанд сүүн бүтээгдэхүүнийг бусад идэвхтэй орцуудтай нийлүүлэн судалсан байдаг. Тиймээс өөр ямар нэг нэмэлт бодисгүйгээр дан сүү болон ангир уураг бүхий бүтээгдэхүүн дээр эмнэлзүйн туршилт хийх шаардлагатай байгаа гэжээ.
4. Ургамлын тосыг арьсны эмчилгээнд ашиглахтай холбоотой агуулгыг ResearchGate сайтад нийтэлсэн туршилт, судалгааны тайлангаар нягтлан шалгалаа. Ургамлын тос нь нярайн арьсанд тэжээл өгөх арьс арчилгааны харьцангуй хямд, төсөр аргаас гадна хэд хэдэн арьсны өвчнийг анагаахад тустай байдаг аж. Ургамлын тос нь нярайн болон бага хүүхдэд байгалийн чийгшүүлэгч болдог төдийгүй, зөөлрүүлэх, чийгшүүлэх шинж чанартай тул арьсны хэд хэдэн өвчнийг анагаах хэлбэрээр ашигладаг байна. Сүүлийн үеийн судалгаагаар зарим төрлийн ургамлын тос нь нянгийн эсрэг үйлчилгээтэй болох нь тогтоогдсон байна. Гэхдээ олон төрлийн ургамлаас тосыг гарган авдаг учраас хүний арьсанд үзүүлэх нөлөө, шинж чанараараа ялгаатай байдаг. Тухайлбал, кокосын тосыг ихэвчлэн үсний арчилгаанд хэрэглэдэг бол арган зэрэг зарим ургамлын тос нь арьс, үс эмчилгээний бүтээгдэхүүний найрлагад ордог болохыг тодорхойлсон байна.