Интернэтээр өөрийгөө оношлолгүйгээр мэргэжлийн эмчид хандаж хэвшээрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #576

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Байнга ядрах, хараа муудах, жин нэмэгдэх зэрэг нь ганцхан төрлийн витамин дутагдсанаас бий болдог гэж нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Зөвхөн В12 аминдэмийн дутагдал гэлтгүй өөр, бусад төрлийн олон өвчний үед дурдсан шинж тэмдгүүд илрэх боломжтой.

2023 оны 06 дугаар сарын 13-нд Never Gone нэртэй пэйжид “Байнга ядрах, хараа муудах, жин нэмэгдэх зэрэг нь ганцхан төрлийн витамин дутагдсанаас бий болдог” гэх гарчигтай, Gerbul.life домайн дээр байршуулсан мэдээллийг хуваалцсан нь 06 дугаар сарын 22-ны байдлаар 836 реакц, 36 сэтгэгдэл, 1.1 мянган шэйр цуглуулжээ.

Gerbul.life домайн дээр байршуулсан мэдээллийн тархацыг crowdtangle хэрэглүүрээр шалгахад Facebook сүлжээнд нийт 1.1 мянган реакц, 40 сэтгэгдэл авч, 1.3 мянган удаа цааш хуваалцсан байна. Агуулга нь:
“Биед B12 аминдэм дутагдаж эхлэхэд хүний бие янз бүрийн дохио өгч эхэлдэг. Цаг тухайд нь энэ дохион таньж, дутагдаж байгаа аминдэмээ нөхөх хэрэгтэй. В12 аминдэм дутагдахад
1. Ядрах
2. Булчин сул дорой болох
3. Бие хөших
4. Ой тогтоолт муудах
5. Зэвхий өнгөтэй арьс
6. Амтлах чадвар сулрах
7. Хараа муудах
8. Сэтгэлзүйн өөрчлөлт зэрэг шинж тэмдэг илэрдэг” гэжээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Аминдэм В12 дутагдал, түүний шинж тэмдэг, хэрэглээ, гаж нөлөө

Бид шалгаж буй мэдээлэлд дурдсан В12 дутагдахад илрэх шинж тэмдгүүдийг, АНУ-ын Cleveland Clinic төвийн вэбсайт болон Харвардын Анагаах ухааны сургуулийн вэбсайтад дурдсан шинж тэмдгүүдтэй харьцуулж шалгалаа. Ингэхэд:

  • Ядрах
  • Булчин сул дорой болох
  • Бие хөших
  • Ой тогтоолт муудах
  • Арьсны өнгө шарлах, цайх
  • Хараа муудах
  • Сэтгэлзүйн өөрчлөлт гарах зэрэг шинж тэмдгүүд давхцаж байна.

Харин шалгаж буй мэдээлэлд дурдаагүй бусад шинж тэмдгүүд нь:

  • Гар, хөл, хөлийн улаар бадайрах, жирэлзэх
  • Тэнцвэрээ алдах, алхахад хэцүү болох
  • Хэл хавдах, ам, хэлэн дээр шарх үүсэх гэсэн байна.

Харин шалгаж буй мэдээлэлд дутуу дурдсан буюу жин нэмэх шинж тэмдгийг бусад эх сурвалжуудад “Жин нэмэх болон хасах боломжтой. В12 дутагдахад амтлах мэдрэмж суларч, хоолны дуршил буурснаар зарим тохиолдолд турдаг. Эсрэгээрээ, В12 багасахад хүн эрч хүчгүй, ядрамтгай болдог тул хөдөлгөөн багасч, өөх тосны шатаалт удааширдаг тул жин нэмэх ч боломжтой” гэсэн байна.

Харин АНУ-ын Mayoclinic төвийн вэбсайтад “Хүн тэнцвэртэй, зөв хооллох үедээ хангалттай В12 аминдэм авчихдаг. Гэсэн хэдий ч нэмэлтээр ууж байхад буруудахгүй. Насанд хүрсэн хүн өдөрт 2.4 микрограмм В12 хэрэглэж байх ёстой ч энэ тунгаас ихэдлээ гээд гаж нөлөөгүй. Хүн өөрийн биед хэрэгтэй тунг шингээж аваад бусдыг нь гадагшуулдаг. Гэхдээ гэнэт их хэмжээгээр уухад богино хугацаанд:

  • Толгой өвдөх
  • Толгой эргэж бөөлжих
  • Суулгах
  • Гар, хөл жирэлзэх зэрэг гаж нөлөө үзүүлж болзошгүй.

Мөн “Байнга ядрах, хараа муудах, жин нэмэгдэх” зэрэг шинж тэмдгүүдийг шууд В12 витамины дутагдал гээд өөртөө онош тавьж, шалгаж буй мэдээлэлд гарчигласан шиг ганцхан витаминаар эдгээх тухай ойлгож болохгүй.

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны вэбсайтад дурдсанаар эдгээр шинж тэмдэг нь:

  • Глюкозийн дутагдал
  • Цөсний хавдар
  • Тунгалгийн зангилаа үрэвсэх
  • Тархины гэмтэл
  • Чихрийн шижин
  • Нойргүйдэл
  • Сэтгэл гутрал
  • Эмийн гаж нөлөө болон бусад олон өвчний үед зэрэг илрэх боломжтой байдаг байна. Иймд та бүхэн мэргэжлийн эмчид хандаж оношлуулах нь зүйтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document