2023 оны 06 дугаар сарын 16-нд Never Gone нэртэй пэйжид “Унтахын өмнө нэг аяга “Шөнийн өөхний алуурчин” уугаарай. Гэдэсний өөх долоо хоногт л алга болно” гэх гарчигтай, Gerbul.life домайн дээр байршуулсан мэдээллийг постолсон нь 06 дугаар сарын 21-ний байдлаар 1 мянган реакц, 121 сэтгэгдэл авч, 2.3 мянган удаа цааш хуваалцжээ. Домайн дээр байршуулсан мэдээлллийн тархацыг crowdtangle хэрэглүүрээр нягтлахад Facebook сүлжээнд нийт 3,379 хариу үйлдэл цуглуулсан байна.
Gerbul.life домайн дээр байршуулсан мэдээлэл нь “Гэрийн нөхцөлд бэлдсэн ундаануудаар өөх тосыг үгүй болгох, гэдэсний өөх тостой тэмцэх боломжтой. Биед сайн, хийхэд амархан учир залхуучуудад тун сайн таарна” гээд алим, таван салаа, задь, сүү, тоорын шүүс, алое вера, замаг зэргээр хэрхэн тураах ундаа хийх аргыг зааварлажээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Элдэв ургамлын ундаа нь шууд тураах гэхээсээ илүүтэй турах үйл явцыг дэмжих үүрэгтэй
IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Энэтхэгийн THIP баримт шалгах төвийн 2022 оны 10 дугаар сарын 29-ны “Эмийн ургамал, төрөл бүрийн ногооны шүүс ууснаар түргэн хугацаанд турах боломжтой юу?” нэртэй тайланд:
“Өөх шатааж, жин хасна гэдэг цогц үйл явц. Эхлээд хүн өөрийн таргалалтын шалтгаанаа тодорхойлох ёстой. Үрэвсэл, ходоодны шарх, дааврын тэнцвэргүй байдал, хүнд металлын хордлого, эмийн гаж нөлөө зэрэг маш олон хүчин зүйл таргалалтад хүргэдэг. Шалтгаан нь тодорхой болсон үед өөрийн нөхцөл байдалд тааруулан тохирсон төлөвлөгөөгөөр жин хасах нь хамгийн зөв.
Байгалийн аргаар, эрүүлээр жин хасах цорын ганц арга бол дасгал хөдөлгөөн сайн хийж, калорийн хэмжээгээ багасгаж, тэнцвэртэй хооллох юм. Мөн хүн зөвхөн биеийн нэг хэсгээрээ жин хасах бараг боломжгүй ба харагдах байдлын хувьд л аль нэг хэсгээрээ илүү хассан юм шиг харагддаг.
Жин хасах нь урт хугацааны үйл явц бөгөөд хүч хөдөлмөр их шаардана. Гэтэл ямар нэг ундаа уугаад л турчихдаг бол хүмүүс их хэмжээний цаг, хүч зарах шаардлагагүй байх байсан. Энэ талаар хоол зүйч Парикша Раогоос тодруулахад “Өөх тосны бодисын солилцоог идэвхжүүлдэг хүнс байдаг. Тэдгээр нь жин хасах үйл явцыг дэмжих, биед өөх тос шингэлтийг багасгах үүрэгтэй. Ажиллах зарчмын хувьд тэдгээр нь дулааны ялгарлыг идэвхжүүлж, өөхний задралыг дэмжиж, хоол идэх дуршлыг багасгадаг. Гэсэн ч тэдгээр ундаа нь дангаараа турааж чадахгүй, багахан үр дүнг үзэхийн тулд удаан хугацаагаар уух хэрэгтэй болдог тул идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх үедээ хавсран хэрэглэх нь зүйтэй” гэсэн байна.
АНУ-ын Cleveland Clinic төвийн вэбсайтад зөвлөснөөр:
“Та унтахдаа өлсгөлөн байж болохгүй. Гэхдээ унтахаас өмнөх 3 цагийн дотор аль болох идэхгүй байхыг эрхэмлээрэй. Хэрэв үнэхээр идэх дур хүсэл төрвөл болгосон хүнсний ногоо, үрлэн лооль, шош зэрэг түүхий ногоо, алим, төрөл бүрийн жимс, тараг зэргийг хэрэглэх боломжтой. Гэсэн ч хэт их хэмжээгээр байнга хэрэглэх нь таны нойрны чанарыг алдагдуулах эрсдэлтэйг анхаарна уу” гэсэн байна.
Дээрх баримт шалгалтаас дүгнэхэд, шалгаж буй мэдээлэлд дурдсан ундаанууд нь ургамлын гаралтай, шөнө унтахаас өмнө хэрэглэхэд төдийлөн хор нөлөө үзүүлээд байхааргүй хэдий ч жин хасах найдвартай арга болохооргүй харагдаж байна. Мөн аль болохын унтахын өмнө уухаас зайлсхийж өдрийн цагаар хэрэглээрэй. Жин хасахад хамгийн гол нь идэвхтэй дасгал хөдөлгөөн, зөв хооллолт тул мэргэжлийн эмч, хоол зүйчид хандаж таргалалтын шалтгаанаа тодорхойлуулж, өөрт тохирох жин хасах төлөвлөгөөг мөрдөх нь зүйтэй.