Search

АстраЗенека вакцин цусны бөөгнөрөл үүсгэдэг #БАТЛАГДААГҮЙ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #57

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

АстраЗенека вакцин үхлийн аюултай цусны бүлэгнэл үүсгэж байгаа гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Европын Эмийн Агентлагаас вакцинаас шалтгаалж цус бүлэгнэсэн гэх тодорхой нотлогдсон таамаг байхгүй гэж мэдэгдсэн байна.

2021 оны 3-р сарын 11-нд yummy.mn сайтад “АстраЗенека вакцин үхлийн аюултай цусны бүлэгнэл үүсгэж байгаа нь тогтоогдсон байхад Монголд хийлгэсээр л байх уу?” гэсэн мэдээ нийтлэгджээ. Тус нийтлэлийг Crowd Tangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд 2021.03.12-ны 15:20 цагийн байдлаар Facebook-т 4,141 удаа хуваалцаж, 1,874 сэтгэгдэл үлдээн, 4,580 реакц даржээ.

1. Тус нийтлэлд “Дани, Норвеги, Итали, Исланд зэрэг орнууд Их Британийн Оксфордын их сургуулийн АстраЗенека вакциныг аюулгүй байдлын үүндээс тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна. Тус вакцины талаар Дани улсын Эрүүл мэндийн сайд Магнус Хенике “АстраЗенека вакцин нь үхлийн аюултай цусны бүлэгнэл үүсгэж байгаа нь тогтоогдсон” хэмээн мэдээлжээ” гэж бичсэн нь агуулгын хувьд алдаатай болжээ.

📌Тухайлбал, Дани улсын Эрүүл мэндийн сайд Магнус Хенике “АстраЗенека вакциныг үхлийн аюултай цусны бүлэгнэл үүсгэж байгаа нь тогтоогдсон” гэж хэлээгүй. Харин CNBC болон бусад гаднын сайтуудын мэдээлснээр “Цусны бүлэгнэл үүсэх болсон шалтгаан болон вакцин хооронд ямар нэг холбоо байгаа эсэх нь тодорхойгүй байна” гэж хэлсэн юм.

📌2021 оны 3-р сарын 11-нд Guardian.com сайтын мэдээлснээр Европын Эмийн Агентлаг (EMA) АстраЗенека вакциныг цусны бөөгнөрөл үүсгэсэн эсэхийг шалгаж байгаа бөгөөд тэр хугацаанд тус вакциныг хэрэглэж болно гэж мэдэгдсэн аж. Мөн Европт одоогийн байдлаар таван сая гаруй хүн АстраЗенека вакциныг хийлгээд байгаагаас 30 хүнд цус бүлэгнэх тохиолдол илэрсэн. Энэ нь тус вакцины нийт үр дүнгээс давахааргүй эрсдэлийн хэмжээ гэж мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар вакцинаас болж дээр дурдсан тохиолдлууд гарсан гэх тодорхой нотлогдсон таамаг байхгүйг EMA тодруулж хэлсэн.

2. Их Британийн засгийн газраас энэ тал дээр эсрэг байр суурьтай байгаа бөгөөд цаашид АстраЗенека вакциныг үргэлжлүүлэн хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Тус улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Фил Брайн хэлэхдээ, одоогийн байдлаар бүртгэгдээд байгаа цус бүлэгнэсэн тохиолдлууд нь вакцинжуулсан хүн амд тохиолдож болох энгийн хэмжээнээс хэтрээгүй ба вакцинаас болсон гэх хангалттай нотлох баримт байхгүй гэжээ.

📌Лондонгийн Эрүүл ахуй, халуун орны өвчин судлалын анагаахын сургуулийн эм судлалын профессор Стефан Эванс Reuters.com сайтад өгсөн ярилцлагадаа “вакциныг зогсоох шийдвэр гаргасан зарим Европын улсууд хэтэрхий болгоомжилсон үйлдэл гаргаж байна” гэж хэлсэн аж.

3. Европын хэд хэдэн улс АстраЗенека вакциныг хориглосон гэх мэдээний дараа Монголд уг вакцины түгээлт хэрхэн явагдаж байгаа талаар ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодруулахад дараах мэдээллийг өгсөн юм.

📌“Астразенка вакциныг Европын 8 улс түр хойшлуулсан мэдээлэл байна. Ийм мэдээллийг судалж байна гэж өнөөдөр ЭМЯ-ны 11 цагийн хурал дээр мэдэгдсэн бөгөөд монгол улс хэрхэх тухай нэг ч үг хэлээгүй шүү. Гэтэл зарим хэвлэл Монголд хийхгүй болсон мэт ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээлэл явуулж буй учир та бүхэн тэр мэдээллээ залруулахыг хүсье. Монгол улсын хувьд вакцинжуулалт хэвийн үргэлжилж байгаа болно.”

📌Монгол Улсын ЭМЯ мөн 2021.03.12 өдөр үүнтэй холбоотой албан ёсны мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд Монгол Улс үргэлжлүүлэн АстраЗенека вакциныг хийнэ гэдгийг тодорхой бичжээ. /Хавсралтад оруулсан холбоосоор орж харна уу/


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document