2023 оны 05 дугаар сарын 17-нд Улаанбаатарчууд гэх хаягтай фэйсбүүк хуудас хар тамхинаас шалтгаалан гуйлга гуйн, орон гэргүй болсон ази сувилагчийг харуулсан гэх бичлэгийг нийтэлсэн байна. Энэ бичлэгийн тайлбарт “Америкт homeless хүмүүс олон байдаг ч Ази хүн орон гэргүй байхыг харахад сонин харагдаж байна. Энэ бүсгүй цагтаа Аризона мужийн хүүхдийн эмнэлэгийн шилдэг сувилагч байж олон хүүхдийн амийг аврахад гар бие оролцож байжээ. Нэг л удаа сонирхон хэрэглэж үзсэн бодисдоо донтон автсан тэрээр өдгөө гудамжинд шар нар бор хоногийг гуйлга гуйн өнгөрүүлж байна.
Хар тамхи, мансууруулах бодисын үр нөлөө ямар ч хүнийг хэзээ ч төсөөлж байгаагүй байдалд оруулдаг” гэжээ.
Бид бичлэгийг анх нийтэлсэн эх сурвалжийг олж тухайн эмэгтэйн өөрийнх нь ярианаас үзэхэд сувилагчаар ажилласан талаар яриагүй, хар тамхинаас болж орон гэргүй болж гуйлга гуйх болсон гэж яриагүй байна. Тодруулбал, эмэгтэйн бичлэгийг анх Tales from the streets гэх хаяг 2023 оны 05 дугаар сарын 12-нд өөрийн Youtube хуудастаа нийтэлсэн ба энэ суваг нь Америк дахь гэр оронгүй хүмүүстэй уулзан өөрсдийн түүхийг нь яриулдаг байна.
Бичлэгт ярилцсан эмэгтэйг Лиа (Leah) гэдэг бөгөөд тэрээр интерьер дизайны чиглэлээр Paradise Valley Community College-д суралцсан тухайгаа ярьжээ (бичлэгийн 3:00 дахь минутаас эхлэн үзнэ үү).
Тэрээр 20 нас хүртлээ Канадын Торонто хотод амьдарч, дараа нь АНУ-ын Аризона муж дахь Paradise Valley Community College-д суралцаж эхэлсэн байна. Тэрээр өдгөө 31 настай гэж мэдэгдсэн байна.
Түүний ярьсанаар Америкт ирсэнээсээ хойш Мексик нөхөртэй болж, хадмуудтайгаа хамт амьдарч байгаа гэжээ. Түүнтэй ярилцагч гэр оронгүй эсэхийг нь асуухад гэр оронтой гээд өдөртөө гарах шаардлагатай харин оройдоо орж унтдаг гэж тайлбарласан байна. (бичлэгийн 0:30 дахь секундээс үзнэ үү).
Харин шалгаж буй мэдээлэлд онцолсон шиг хар тамхи хэрэглэдэг, эсвэл хар тамхинаас болж орон гэргүй болсон гэх мэт зүйл яриагүй байна. Хэдийгээр түүний яриа өгсөн бичлэгийн коммент хэсэгт хүмүүс түүнийг хар тамхи хэрэглэсэн шинжтэй байгаа талаар бичсэн байсан ч бичлэгт өөрөө энэ талаар яриагүй байна.
Өөрөөр хэлбэл шалгаж буй мэдээлэл нь тухайн эмэгтэйн яриагүй, тодорхой бус мэдээллийг үнэн, болсон явдал мэт мэдээлжээ.
Хэдийгээр хар тамхины хор хөнөөлийг сэрэмжлүүлэх агуулгатай түүх зохион тайлбар хийсэн нь олон нийтэд сөрөг үр дагавар тарихгүй байх ч хуурамч мэдээллээр хүний сэтгэлийг хөдөлгөж, хандалтаа өсгөн олон хүнд харагддаг болгож байгаа нь анхаарал татаж байна.