Вирусийн халдвартай банана гэх хуурамч мэдээллийг дахин түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #566

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Нанхуй 8424 сортын банана нь вирусийн халдварын нэг шалтгаан болсон гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

H7N9 вирус нь шувууны тахал тул жимс жимсгэнээр халдварлах боломжгүй

Хятад H7N9 вирусын халдвар гарч Шинхуа эмнэлэгт тус вирусийн халдвараар хүн нас барсан болон вирусийн халдвартай банана идэхээс зайлсхийхийг сэрэмжлүүлсэн мэдээлэл өндөр хандалт аваад байна (энд). Тодруулбал, тус мэдээлэлд тайлбарласнаар Нанхуй 8424 сортын банана нь вирусийн халдварын нэг шалтгаан болсон ба нь энэ сорт нь химийн бордоо, түргэн боловсруулагч нэмсний хор уршгаас болсон гэж тайлбарлажээ. 

H7N9 вирусийн халдвар болон вирустэй бананы талаарх мэдээлэл нь 2020 оны 01 дүгээр сард тархаж байсан худал мэдээлэл бөгөөд энэ мэдээлэл нь одоо болж буй үйл явдал мэтээр ойлгогдон, өндөр хандалт авч байна. 

Тус вирус нь шувууны томуугийн вирусийн нэг төрөл бөгөөд тус мэдээлэл анх тархах үед Эрүүл Мэндийн Яамнаас 2020 оны 01 дүгээр сарын 23-нд худал мэдээлэл болохыг нь анхааруулж байсан. Анхааруулга мэдээлэлд тайлбарласнаар: 

“НаньХуй 8424 сортын гадил жимсийг идсэний улмаас 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, Шинхуа эмнэлгийн Чунг Минг салбарт нас барлаа” гэсэн мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг хийж, үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг тогтоосон талаар ШиньЛианг Шанхай сайтад нийтэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Чунг Минг эмнэлэгт ийм тохиолдол гараагүй бөгөөд Шанхайд “НаньХуй 8424” сортын гадил бус тарвас тариалдаг тухай дурдсан байна. Шувууны томуугийн А хүрээний H7N9 вирус нь шувууны тахал тул жимс жимсгэнээр халдварлах боломжгүйг мэдэгдлээ. Иймд ямар нэгэн үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна” гэжээ.

Вирусийн халдвар гарсан гэх Хятадын орон нутгийн байгууллага тухайн үед албан хаягаараа мэдээлсэн байна. Тодруулбал, тус хэрэг гарсан гэх Шанхай хотын Чунминг дүүргийн Олон нийтийн аюулгүй байдлын товчооны мэдэгдсэнээр “…дээрх мэдээлэл нь цуу яриа бөгөөд Чун Минд дээрх тохиолдлын мэдээлэл байхгүй. H7N9 нь шувууны томуугийн вирус бөгөөд жимсээр дамжиж халдварлахгүй. Түүнчлэн, Шанхайд Нанхуй 8424 гэх тарвас байдаг харин ийм сортын банана гэж байдаггүй” гэж албан ёсны Weibo хаягаараа 2019 оны 04 дүгээр сарын 11-нд мэдэгдэж байсан байна. 

H7N9 вирусийн халдвар болон энэ вирус нь жимсээр дамжин халдварладаг талаар худал мэдээлэл Хятадын интернет орчинд дахин түгэх тохиолдлууд байдаг бөгөөд Хятадын засгийн газрын албан байгууллагууд энэ мэдээллийг няцаан, залруулсан мэдээллийг гаргаж байсан байна. Хамгийн сүүлд 2023 оны 06 дугаар сарын 02-нд дээрх мэдээлэл түгсэнд Хятадын Тианжин хотын цагдаагийн газраас анхааруулга мэдээлэл гаргасан байна.

Мөн Нанхуй 8424 сортын тарвас нь 1984 онд Шанхай хотын Нанхуй дүүрэгт үүссэн шүүслэг, сахарын өндөр агууламжтай тарвас байдаг гэдгийг Хятадын SHINE мэдээллийн вэб сайт мэдээлсэн байна. 
Харин H7N9 вирус нь халдвартай шувуу эсвэл амьд шувууны зах зэрэг халдвартай орчноор дамжин хүнд халдварлах боломжтойг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээлж байсан байна. Цаашлаад тус байгууллагын 2023 оны 05 дугаар сарын 19-нд гаргасан тайланд тэмдэглэснээр хамгийн сүүлийн байдлаар 2019 онд H7N9 вирус халдвар бүртгэгдсэн гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document