Ричард Гир “Энэ дэлхийгээс хэн ч амьд буцахгүй” гэх нийтлэлийг бичээгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #565

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Амтлаг хоол идэж, наранд шарж, дуртай зүйлсээ хийж, багахан тэнэгэрч, өвөрмөц өөрөөрөө амьдрах хэрэгтэй гэж Ричард Гир бичсэн гэх мэдээлэл түгжээ.

Баримт шалгалтын үр дүн

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн байгууллагууд шалгаж, няцаасан мэдээлэл.

Жүжигчин Ричард Гирийн амьдралын зөвлөгөөний тухай танилцуулсан, түүний бичсэн гэх “Энэ дэлхийгээс хэн ч амьд буцахгүй” гэсэн гарчигтай мэдээлэл өндөр хандалт аваад байна (энд, энд ба энд). Тус мэдээлэлд тайлбарласнаар Ричард Гирийн найзынх нь ээж эмчийн зөвлөгөөг дагадаг, эрүүл амьдралын хэв маягтай хэрнээ хүнд хорт хавдараар оншлогдсон бол нөгөө нэг найзынх нь аав эмчийн зөвлөгөөг ойшоодоггүй, дураараа идэж ууж явсан ч 81 настай, эрүүл биетэй байгаа талаар бичжээ. Нийтлэлийн төгсгөлд “Энэ бол амьдрал. Эндээс бидний хэн нь ч амьд гарахгүй. Тиймээс өөртөө хөндлөнгийн, 2-р шатны хүн мэт хандахаа больж цаг хугацаа байгаа дээр өөрийн тааллаар амьдрах хэрэгтэй биш үү. Магадгүй маргааш оройтох ч юм билүү. Амтлаг хоол идэж, наранд шарж, дуртай зүйлсээ хийж, багахан тэнэгэрч, өвөрмөц өөрөөрөө амьдрах хэрэгтэй гэж бодном” гэж онцолсон байна.

Дээр тайлбарласан Ричард Гирийн нийтлэл гэх зөвлөмжийг жүжигчин Гир бичээгүй бөгөөд түүнийг бичсэн болохыг нотлох баримт байхгүй байна. Харин дээрх нийтлэлд онцолсон зөвлөмжийг анх 2015 оны 05 дугаар сарын 19-нд Нанэа Хоффман хэмээх хүний ‘Sweathpants and Coffee’ гэх хаягтай фэйсбүүк хуудсанд постлогдсон, хожим тус постны үг нь Ричард Гир болон Антони Хопкинс, Киану Ривз зэрэг алдартай жүжигчин тус нийтлэлийг бичсэн мэтээр интернэт орчинд түгэж байжээ. 

Энэ мэдээллийг Full Fact, Lead Stories, Observador, Snopes зэрэг баримт шалгах байгууллага хуурамч болохыг сануулан мэдээлж байсан ба өөр өөр жүжигчдийн нэрээр ижил агуулгатай нийтлэлүүд түгэж байсныг онцолж байсан байна. 

Түүнчлэн, Гирийн найзынх нь ээж хорт хавдартай болсон болон нөгөө найзынх нь аав эрүүл байгаа талаарх мэдээлэл нь баримт, нотолгоогүй бөгөөд жүжигчин Киану Ривзийн нэр дээрх ижил агуулгатай мэдээлэл түгэж байсныг түүний хэвлэлийн төлөөлөгч няцаасныг Lead Stories 2019 онд мэдэгдэж байжээ.
Харин шалгаж буй мэдээлэлд ашигласан жүжигчин Гирийн газар сууж буй зураг нь түүний тоглосон ‘Time Out of Mind’ киноны зураг авалтын үеэр авахуулсан зураг юм. Тэрээр 2015 онд нээлтээ хийсэн тус киноны гол дүрд орон гэргүй хүний дүрийг бүтээсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document