2023 оны 05 сард Tech Poker 1122 нэртэй пэйжид цахим хэрэглэгчдийг мөрийтэй тоглоход уриалсан хэд, хэдэн постыг дарааллуулан оруулжээ. Ингэхдээ:
“100К ЦЭНЭГЛЭЭД 100К БОНУС
500К ЦЭНЭГ БОНУС 550К БОНУС
1 САЯ ЦЭНЭГ 1 САЯ 150 МЯНГА БОНУС
3 САЯ ЦЭНЭГ – 2 САЯ БОНУС” эсхүл “Өдөртөө 2-3 сая төгрөгний орлоготой болох итгэл даахуйц BOT ТОГЛОГЧ хайж байна” зэрэг агуулгаар нийтэлсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Эх сурвалжийг шалгах
Тус эх сурвалжид ямар нэртэй байгууллага, ямар аппликейшнээр дамжуулж тоглоом зохион байгуулдаг, үйл ажиллагаа явуулаад хэр удаж байгаа зэрэг талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Мөн баталгаажсан пэйжид хэрэглэгчид үнэлгээ өгж, санал шүүмж өгсөн байдаг ч уг пэйжид ямар ч хэрэглэгчийн хандалт байсангүй. Мөн тоглоомыг татах бол зайлшгүй чатаар холбогдохыг шаардаж буй нь залилан байх эрсдлийг улам нэмэгдүүлж байна.
2. Ашигласан холбоос, агуулгыг шалгах
Хаяг нээсэн хэрэглэгч бүрт анх төлснөөс өндөр дүнгээр бонус олгоно гэдэг ашиг олох зорилготой байгуллагын хувьд боломжгүй зүйл. Үнэмшихэд бэрх, илүү хэрэглэгчдэд таалагдах гэж хичээсэн байх тусмаа хуурамч мэдээлэл байх магадлал нэмэгддэг. Мөн тус пэйжийн хавсаргасан холбоосууд ажиллахгүй байна. Эдгээр нь тус пэйжийн сурталчилж буй платформ ажиллагаагүй болохыг илтгэж буй бөгөөд энэ төрлийн хувийн зурвасаар харилцахыг шаардсан хуурамч мэдээлэл нь хэрэглэгчдийн хувийн мэдээлэл болон санхүүд халдах эрсдэлтэй байдаг тул та бүхэн зөвхөн уг мэдээлэл гэлтгүй бусад ижил төрлийн зар сурталчилгаа, мэдээллүүдэд сэрэмжтэй хандаарай.