2023 оны 05 дугаар сарын 11-с эхлэн Бүсгүй Ертөнц бүлгэмд Khulan Jagaa нэртэй хэрэглэгч “Удахгүй болох хүүхдийн баярыг тохиолдуулан бэлэг тараана” гэх постуудыг олон давтамжтай нийтэлсэн байна.
2023 оны 05 дугаар сарын 11-нд Нэг гэр бүлд газар, байшин өгнө гэх мэдээллээр 433 реакц, 570 сэтгэгдэл, 2.1 мянган шэйр
2023 оны 05 дугаар сарын 12-нд Хүн болгонд цүнх тараана гэх мэдээллээр 289 реакц, 147 сэтгэгдэл, 7 шэйр
2023 оны 05 дугаар сарын 14-нд Туркээс ирсэн бэлэг тараана гэх мэдээллээр 116 реакц, 122 сэтгэгдэл, 1.2 мянган шэйр
2023 оны 05 дугаар сарын 31-нд Эх үрсийн баяраар 500.000₮ тараана гэх мэдээллээр 42 реакц, 35 сэтгэгдэл, 152 шэйр тус, тус цуглуулжээ. Дээр дурдсан бэлгүүдийг авахад тайлбарт хавсаргасан пэйжүүдэд нь лайк дарах, мөн мэдээллийг нь бусад бүлгэмүүд рүү шэйрлэх гэсэн ижил болзол тусгасан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Хуурамч мэдээллийн үндсэн шинжүүдийг таних нь
Хуурамч мэдээллийн 7 шинжид тусгаснаар тухайн мэдээлэл:
-Хэл, найруулгын алдаатай
–Тодорхой нэр, зураггүй хаягаас мэдээлсэн
-Ажиглагдахуйц эвлүүлэг хийсэн
-Танил бус сайтын холбоос хавсаргасан
–Үйлдэлд уриалсан
-Яаруулсан
–Хуучин мэдээллийг одоо өрнөж буй мэтээр мэдээлсэн байх тусам хуурамч байх магадлал нэмэгддэг. Бидний шалгаж буй мэдээлэл тодруулсан гурван шинжийг агуулж байна.
Тухайн постолсон хэрэглэгчийн хаяг руу орж үзэхэд ямар нэг хувийн мэдээлэл байхгүй, зураггүй байна. Хаана ажилладаг, ямар бизнес эрхэлдэг, уг урамшууллыг ямар журмаар олгож байгаа зэрэг мэдээлэл байсангүй. Мөн хэрэглэгчдийг зайлшгүй шэйр хийх нөхцөл тулгасан байна.
2. Ашигласан зургаар нь худал мэдээллийг таних нь
Нэг гэр бүлд газар, байшин өгнө гэх мэдээлэлдээ ашигласан зургийг нь Google Reverse image search хийж хайхад Gogo.mn сайт дээр 2021 оны 10 дугаар сарын 30-нд байршуулсан Д.Сумъяа: Хуримтлалаараа мөрөөдлийн байшингаа босгон нутагтаа амьдарч байна гэх ярилцлагын зургуудыг ашигласан байна.
Хүн болгонд цүнх тараана гэх мэдээлэлдээ Designer bag and shoes store нэртэй пэйжид 2020 оны 10 дугаар сарын 25-нд байршуулсан сурталчилгааны зургийг ашиглажээ.
Туркээс ирсэн бэлэг тараана гэх мэдээлэлдээ Туркэд үйл ажиллагаа явуулдаг сав баглаа боодлын онлайн дэлгүүрийн хямдралтай бараануудын зургийг ашигласан байна.
Мэдээж урамшуулал олгох гэж байгаа хэрэглэгч өөрийнхөө биш, Монголд байхгүй бусдын бараа бүтээгдэхүүнийг бэлэглэнэ гэдэг боломжгүй тул хэрэглэгч та бүхэн энэ төрлийн бусдыг үйлдэлд уриалж, хандалт цуглуулах гэсэн хуурамч мэдээлэлд сонор байж, репорт хийж заншаарай.