Хүүхдийн мөнгө барьцаалж зээл олгоно гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #561

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хүүхдийн мөнгө барьцаалан зээлийг зээл аппаас олгож байна шүү гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Өрх бүрд нэг сая төгрөгийн зээл” болон “Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгийг барьцаалсан зээл” гэх бүтээгдэхүүн одоогоор Монгол Улсын банк, санхүүгийн салбарын үйлчилгээнд байхгүй.

2023 оны 05 дугаар сарын 21-нд “Цалинтай ээж, хүүхдийн мөнгө, халамж✔” нэртэй нээлттэй группэд Б. Гантигмаа гэх хаягаас “хүүхдийн мөнгө барьцаалан зээлийг зээл аппаас олгож байна шүү. 1-2 цагийн дотор орлого нотлохгүй зээл олгож байна. хөдөө орон нутгийн аль ч аймаг сумдын иргэдэд нээлттэй. зээл авах нь зээл гээд бичээрэй” гэх мэдээлэл оруулсан байна. Мөн 05 дугаар сарын 18-20-нд энэ группдээ “ӨРХ БҮР НЭГ САЯ ЗЭЭЛ” дөнгөж сая зээлээ авчихлаа ямар гоё юм бэ. Өнөөдөр авч болох сүүлийн өдөр юм бна. Өрх бүр, 18 дээш насны хүн бүр авах боломжтой. Барьцаа шаардахгүй, хар данс, НДШ, Орон нутаг хамаарахгүй шууд өөрийн дансанд 1 цагийн дотор шийдвэрлүүлээд авах боломжтой. Зээл авхад нь шимтгэл авахгүй шүү чат бичээд заалгаарай“, 17-нд “Зээлээ найдвартай төлөөд явах хүмүүс аппаас зээл авхуулаарай Чатаар орж ирсэн эхний хэдэн хүнд үнэгүй шүү” гэх мэтээр оруулсаар байна.

FACTCHECK: Дараах байдлаар мэдээллийн бодит байдлыг мэдэж аваарай

Хаягийг нягтлах

Мэдээлэл оруулсан хэрэглэгчийн хаяг руу орж үзэхэд өөрийн гэсэн пост нээлттэй оруулдаггүй ба идэвхтэй хөтөлдөг мэт харагдуулахаар бусдын мэдээллийг шэйр хийдэг байна. Тухайн хаягт зээл олгох үйлчилгээ эрхэлдэг талаар ямар нэг мэдээлэл байхгүй. Мөн хаяг байршил, холбоо барих дугаар зэргээ танилцуулга хэсэгт оруулаагүй байна.

Агуулгыг нягтлах

Шалгаж буй мэдээлэлд дурдсан хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө, цалинтай ээж буюу 0-3 насны хүүхдээ асарсны тэтгэмжийг барьцаалан зээл авах боломжгүй.

Хүүхдийн мөнгө барьцаалж зээл олгох талаар бусад эх сурвалжаас мэдээлэл хайгаарай. Facebook-ийнхээ хайлт хэсэгт, эсвэл Google-д энэ утгаар бичиж хайхад холбоотой мэдээллүүд гарч ирэх ба манай өмнөх баримт шалгалтад энэ төрлийн залилангийн талаар дурдаж байсан. Тухайн үед Засгийн газрын 2022 оны 36 дугаар тогтоолын хавсралт “Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, мөнгөн хэлбэрээр олгох журам” хүчин төгөлдөр хэрэгжиж байсан ба уг журмын 6.4-д “Хүүхдийн мөнгөн хуримтлал, эсхүл мөнгөн хэлбэрээр олгосон хөрөнгийг барьцаалж зээл авах, олгох, банкны зээл суутгахыг хориглоно” гэж заасан байсан.

Харин 2022 оны 11 сарын 11 өдөр “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдсанаар дээрх журам хүчингүй болсон. Уг тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралт “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам” баталсан.

Журмын,

  • 1.4-д хүүхдийн мөнгийг банкны дансаар дамжуулан олгохоор,
  • 3.1, 3.2, 3.3-д хүүхдийн мөнгийн тодорхой хувийг банканд хадгаламж хэлбэрээр хуримтлуулахаар,
  • 5.2-д хүүхдийн мөнгийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахгүй гэсэн тусгайлсан зохицуулалт байна.

Энэхүү тогтоолд хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах, олгоход холбогдох харилцааг шууд хориглосон заалт байхгүй байна.
Нэгэнт хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрээр банканд хадгалж байгаа тул тухайн хадгаламжийг барьцаалж зээл олгох эсэх асуудлыг банк өөрийн эрх хэмжээ, дүрэм журмын хүрээнд шийдвэрлэх боломжтой.

Арилжааны банкуудын цахим хуудсаас зээлийн бүтээгдэхүүнүүдийг шүүж үзэхэд “Хүүхдийн мөнгө барьцаалсан зээл” гэж тухайлсан төрөл байхгүй байна. Харин хүүхдийн мөнгөө хуримтлуулдаг хадгаламж нээсэн хэрэглэгч “Хадгаламж барьцаалсан зээл” авах эрх нь нээлттэй байна. Энэ нь зөвхөн арилжааны банканд хүүхдийн мөнгийг хадгаламж нээж хуримтлуулдаг хүмүүст олгодог Хадгаламж барьцаалсан зээлийн тухай гэдгийг сайтар анхаараарай.

Түүнээс биш, хэн нэгэн тодорхойгүй хаягтай хэрэглэгч “хүүхдийн мөнгө барьцаалан зээл авдаг аппликейшн зааж өгч, мөнгөтэй болгох тухай” агуулгад дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй юм.

Төөрөгдүүлсэн мэдээлэлд автаж, цахим залилангийн хохирогч болохоос зайлсхийгээрэй

Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Өрх бүрд нэг сая төгрөгийн зээл” болон “Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгийг барьцаалсан зээл” гэх бүтээгдэхүүн одоогоор Монгол Улсын банк, санхүүгийн салбарын үйлчилгээнд байхгүй. Мөн дээрх төрлийн зээлийн бүтээгдэхүүний талаар албан ёсны ямар ч сайтад байхгүй, эргээд холбоо барих хаяг, байршил, утасны дугааргүй, зөвхөн чатаар харилцах нөхцөл тулгасан зэрэг цахим залилангийн шинж чанарыг агуулсан байгаа тул та бүхэн хялбар зээл авахыг хүсэж, хувийн мэдээлэл, дансны дугаараа өгөхөөс зайлсхийгээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document