Үе мөчний өвдөлтийг нимбэгээр эмчилдэг нь батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #560

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Үе мөчний байнгын өвдөлтөөс бүрмөсөн ангижрахын тулд өдөрт нэг нимбэг байхад л хангалттай” гэх мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Үе мөчний өвдөлтөөс салах тухай мэдээлэл нь батлагдаагүй зөвлөмж бөгөөд хэрвээ таны үе мөч ямар нэг шалтгаанаар өвддөг тохиолдолд мэргэжлийн эмчид хандан, зохих эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.

2023 оны 05 дугаар сарын 11-нд narhan.me вэб сайт “Үе мөчний байнгын өвдөлтөөс бүрмөсөн ангижрахын тулд өдөрт нэг нимбэг байхад л хангалттай. Үүнийг хэрхэн хийх талаар эндээс үзнэ үү!” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн. Энэ мэдээлэлд тайлбарласнаар “…нимбэг нь эмийн шинж чанартай болох нь тогтоогдсон бөгөөд далайчдыг өвчтэй үед нь усан онгоцон дээр эмчлэхэд ашигладаг байжээ” гээд нимбэг нь чихрийн шижин, зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах, хорт хавдартай тэмцэх, батга, астма арилгах үйлчилгээтэй зэрэгцээ “нимбэгний хальс нь хүчтэй шинж чанартай бөгөөд халууралттай тэмцэхэд тусалдаг хүчтэй ариутгах шинж чанартай байдаг. Энэ нь цусны судсыг тайвшруулж, өвдөлтийг бууруулдаг. Өвдсөн газар үе мөчиндөө нимбэгний хальс түрхээд 2 цагийн турш боолтоор боож болно” гэж онцолсон байна.

Бид өмнө нь нимбэгний эрүүл мэндийн нөлөөний талаар баримт шалгалтууд нийтэлж байсан бөгөөд нимбэг нь хорт хавдар устгах, астма, батга арилгах үйлчилгээгүй юм. Түүнчлэн, нимбэгийн хальс нь үе мөчний өвдөлтийг намдаахгүй бөгөөд энэ арга нь үе мөчний ямар нэг төрлийн өвчинтэй тохиолдолд буруу эмчилгээ болж эрүүл мэндийн эрсдэл үүсгэх боломжтой юм.

Үе мөчний өвдөлт нь булчингийн ачаалал, гэмтэл, үений үрэвсэл, вирусийн халдвар, тулай өвчин, жингийн илүүдэл гэх мэт хэд хэдэн шалтгаанаас үүдэн үүсэх боломжтой ба тухайн шалтгаанаас нь хамааран өөр өөр төрлийн эмчилгээ санал болгодгийг АНУ-ын Кливландын клиникийн вэб сайтад мэдээлсэн байна. Тодруулбал, үений үрэвсэл нь өндөр настнуудад тохиолдох нь элбэг байдаг бөгөөд энэ өвчин нь хуруу, гар, бугуй, өвдөг, шагайн үенд үрэвсэл эсвэл доройтлоос үүдэн өвдөх, улайх, хавдах, хөших зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг байна.

Австралийн засгийн газрын эрүүл мэндийн мэдээллийн Better Health вэб сайтад мэдээлсэнээр үений үрэвслийг эмчилдэг “шидэт хүнс” байхгүй бөгөөд зохистой жинтэй байх, эрүүл хооллох, омега-3-аар баялаг хүнс хэрэглэх, үүнд загас, хушга, өндөг гэх мэт хүнс хэрэглэх, цаашлаад мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авахыг сануулсан байна.

Хэдийгээр нимбэгийн хальс болон нимбэгэнд агуулагддаг флавоноидууд нь ревматойд артрит (rheumatoid arthritis) буюу түгээмэл тохиолддог үений үрэвслийн эсрэг үйлчилгээтэй болох судалгаа байгаа боловч энэ нь хулганад хийгдсэн буюу нимбэг нь өргөн хэмжээнд, клиник түвшинд туршигдан үе мөчний өвчин, үрэвслийн эмчилгээнд ашиглагдахаар хүлээн зөвшөөрөгдөөгүй байна

Монгол хэл дээрх EDoctor эрүүл мэндийн мэдээллийн сан дахь үений үрэвсэлийн мэдээлэлд тус өвчнийг дараах байдлаар эмчилдэгийг онцлосон байна. Үүнд тайлбарласнаар, 

“Үений үрэвслийг бүрэн эмчилж эдгээх аргагүй ч өвдөлт, шинж тэмдгүүдийг арилгах, цаашид үүсэх хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Хувь хүний зүгээс хэрэгжүүлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь иог, дасгал хөдөлгөөн тогтмол хийх явдал юм.

Мөн өвчин намдаах, үрэвсэл дарах эмийн эмчилгээ, физик эмчилгээ хийдэг.

Хэрэв өвдөлт намдахгүй, үений гадаргуу маш их гэмтсэн бол мэс заслын аргыг сонгох бөгөөд хиймэл үе суулгах, үе солих эмчилгээ хийнэ. Ташаа болон өвдөгний үе солих мэс засал хамгийн элбэг хийгддэг” гэжээ.
Бидний шалгасан үе мөчний өвдөлтөөс салах тухай мэдээлэл нь батлагдаагүй зөвлөмж бөгөөд хэрвээ таны үе мөч ямар нэг шалтгаанаар өвддөг тохиолдолд мэргэжлийн эмчид хандан, зохих эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document