2023 оны 05 дугаар сарын 30-нд Мөнхчулууны Зоригт гэх пэйжид “Хүн алдсан байж болно, тааруу хүн байж болно. Гэвч үндэсний төв ийм байж болохгүй, Сайд удирдлагатай нь ярих асуудал байна” гэх тайлбартай зураг постолжээ. Оруулсан зурагт нь Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн пэйжид иргэний зургийг оруулж, зохисгүй тайлбар өгсөн байгааг харуулсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Нийгэмд өндөр хандалттай түгж буй мэдээлэл бусдын шоглоом, егөөдөлд амархан өртөх магадлалтай байдгийн илрэл нь энэ жишээ юм. Тус зургийн талаар Eguur.mn мэдээний сайт СЭМҮТ-өөс тодруулга авах үед “Өөрсдөө нийтлээгүй, хаягаа алдсан” гэх байр суурийг илэрхийлсэн байна.
СЭМҮТ 05 дугаар сарын 31-нд өөрсдийн албан ёсны вэбсайтдаа мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд:
“Доорх зураг дээр манай төвийн хуудас хакердуулан админ эрхээ алдсан тухай мэдээллийг харууллаа. Үүний дагуу холбогдох цагдаагийн байгууллагад шалгуулж байна.
2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгууллагын нэрийг хуурамчаар ашиглан мэдээлэл оруулсанд залруулга хийж байна. Манай төвийн албан ёсны хуудас нь сэргээгдээгүй ба түргэн шуурхай мэдээлэл хүргэх үүднээс https://www.facebook.com/setgetsiineruulmend гэсэн хуудсыг төвийн албан ёсны хуудсаар шинээр нээсэн болно” гээд доорх зургуудыг хавсаргажээ.

