2023 оны 05 дугаар сарын 25-нд FIT 108 club нэртэй пэйжид “Ихэнх хүмүүсийн таргалалт хаван хий хуй, дотор өөх байдаг. Манай хаван хий дарах уламжлалт хоолтой онлайн ангид хамрагдаад 112 кг аас 87 кг болсон эмэгтэй. Би яг шаарны хий гарч байгаа юм шиг жингээ хасаж өдөржин унгаж, маш их хий гарч, толгой тавиад л унтаж 2 сарын хугацаанд 20 гаран кг хаслаа. Бүхэл бүтэн ХХL размераас L рүү орлоо. Гол нь маш буруу дадалтай хооллож, усыг бүр хэмжээ дамжаагүй уудаг байжээ” гэж бичиж явуулжээ” гэх тайлбартай зураг оруулсан нь 05 дугаар сарын 31-ний байдлаар 271 реакц, 29 сэтгэгдэл авч, 5 удаа цааш хуваалцжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Гадаад улсын иргэний зургийг ашиглахдаа, холбогдох мэдээллийг ч гуйвуулсан байна
Ашигласан зургийг Google Reverse image search хэрэглүүрээр хайхад Sydney Torres нэртэй Instagram хэрэглэгчийн хаягт байршуулсан зураг гарч ирж байна.

Шалгаж буй эх сурвалжийн тус зургийг ашигласан хугацаанаас 4 орчим жилийн өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 11-нд оруулахдаа Sydney Torres:
“Намайг битгий шүүмжлээрэй. Энэ хоёр зургийг зэрэгцүүлээд харсан чинь бүр гайхширч орхилоо. Би нийт 40 килограмм хасчихаад байна. Дараа долоо хоногийн амралтын өдрөөр 5000 метрийн марафонд гүйхээр бэлдэж байна. Сэтгэл санаа минь сайхан байгаа нь зөвхөн жин хассанаас биш өөртөө итгэх итгэл улам нэмэгдсэнтэй минь холбоотой байх” гэсэн байна.
Шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг Монголд сургалтын төвд явсан иргэн, 25 килограмм хассан гэх үйл явдал зохиомол байна. Мөн Sydney Torres-ийн зургийг ашиглан АНУ-ын Өмнөд Каролинагийн их сургуулийн эмнэлгийн Чихрийн шижин, бодисын солилцооны эмч Линда Смит цахим хэрэглэгчдэд:
“1. Эрүүл хооллоорой
Жирэмслэлтийн дараа амьдралын хэв маягаа өөрчилж, илүү эрүүл хооллох нь чухал. Ногоо, жимс, бүхэл үр, тослог багатай мах, эрүүл өөх тос сайн идээрэй. Харин боловсруулсан хүнс, чихэрлэг ундаа. нүүрс усын агууламж өндөр хүнснээс зайлсхий.
2. Тогтмол дасгал хөдөлгөөн хий
Жирэмслэлтийн дараах хэвлийн таргалалтыг бууруулахад тогтмол дасгал хийх нь маш чухал. Зөвхөн илчлэг шатаагаад зогсохгүй булчинг хөгжүүлж, биеийн байдлыг дээрдүүлнэ. Алхах, сэлэх, дугуй унах эсвэл бүжиглэх зэрэг дундаж хэмнэлтэй дасгалуудыг 7 хоногт нийт дор хаяж нийт 150 минут хийгээрэй.
3. Нойр сайн ав
Хангалттай хэмжээний нойр авж байж жин хасах нөхцөл бүрдэнэ. Өдөрт 7-8 цаг унтах ёстой.
4. Стрессээ бууруул
Стресс нь жин нэмэгдэх нэг хүчин зүйл болдог, мөн жин хасах үйл явцыг удаашруулдаг. Өөрийгөө тайвшруулж иога, бясалгал, бусадтай ярилцах зэргийг хийж хэвшээрэй.
5. Хүүхдээ хөхүүлээрэй
Хүүхдээ хөхөөр хооллох нь бие жирэмслэлтийн өмнөх хэлбэрт ороход тусалдаг бөгөөд биеэс ичлэлгийг гадагшлуулж байдаг.
6. Янз бүрийн дэглэмээс зайлсхийгээрэй
Эрчимтэй тураана гэсэн дэглэм гоё сонсогдож болох ч жин хасах зөв арга биш. Төрөл бүрийн хоолыг хязгаарласнаар шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй. Эсрэгээрээ амьдралын хэв маягаа эрүүл байлгахыг хичээж, урт хугацаанд өөрт тустай хэв маягийг хэвшүүлэх нь чухал” гэх зөвлөгөө өгсөн байна.