2023 оны 05 дугаар сарын 30-нд “Ардын үг” нэртэй пэйжид “Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 700 мянга болгох биш бүх тэтгэврийн доод хэмжээг 800 мянган төгрөг болгохыг шаардаж байна” гэсэн пост оруулсан нь 131 удаа цааш түгээгдээд байна.
2023 оны 05 дугаар сарын 30-нд МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг танилцуулах үед цалин, тэтгэврийг нэмэгдүүлж, халамжийн мөнгөний хэмжээг өсгөх, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, ингэхдээ 01 дүгээр сараас хойшхи мөнгийг нөхөж олгох зэрэг шийдвэр гаргах чиглэл өгсөн тухай мэдээлсэн.
Улмаар 05 дугаар сарын 31-нд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үед ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлж байгаа. Өчигдрөөс тэтгэврийн доод хэмжээг 700 мянган төгрөг болгоно гэх мэт буруу зөрүү ойлголт яваад байгаа тул залруулах нь зүйтэй. Манай ахмадууд тэтгэврийн зөрүүг арилга гэж ярьдаг. Энэ зөрүү нь нэгдүгээрт итгэлцүүр гэдгийг тухайн үеийн цалинг өнөө үеийн цалинтай, инфляцтай уялдуулж нэмж шинэчлээгүйгээс үүдээд ялгаа үүссэн. Хоёрдугаарт тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж нэмээгүй. Гуравдугаарт сая 2022 оны нэмэгдэл. Тухайн үед нийт тэтгэвэр авагчдын 50 орчим хувь нь хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг байсныг механикаар нэмснээс болоод бараг 70 хувь болсон. Ингээд 20 хувь орчим нь гомдолтой үлдсэн. Хамгийн сүүлд 2014 онд итгэлцүүр гэдгийг өөрчилсөн. Үүнийг бид шинэчилж тогтооно. Энэ нь нэг удаа төсвөөс томоохон хэмжээний зардал гаргах боловч бид зайлшгүй хийх ёстой. Ингээд 165 мянга орчим ахмадын тэтгэвэр нэмэгдүүлэхэд 200 орчим тэрбум төгрөг, инфляцаар нэмэгдүүлээд нийтдээ 395 тэрбум төгрөг 496 мянган ахмадад хүрнэ. 07 дугаар сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдэх үед хүн бүрийн кэйс, ажилласан жил өөр учраас Нийгмийн даатгалын системээс ямар учраас хэдэн төгрөгөөр нэмэгдсэн тухай мэдээллийг нээлттэй орж үзэх боломжтой байдлаар оруулна” гэж ярьжээ.
Засгийн газрын 2014 оны “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай” 15 дугаар тогтоолын хавсралтад шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 2011 оноос хойшхийг нэг хэмжээгээр өгсөн байгааг одоо шинэчлэх юм байна.
Тэтгэвэр нэмэхийн тулд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэснийг төсвийн тодотголд тусгаж УИХ-аар эцэслэн шийднэ. Мөн дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, холбогдох тогтоол, журмыг гаргана. Энэ үйл явцад боловсруулсан санал хэр өөрчлөгдөж, хэдэн хүнийг хэдэн хувиар нэмэх зэрэг нь тодорхой болох юм. Гэхдээ шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг тэтгэврийн доод хэмжээг 700 мянган төгрөг болгох боломжгүй гэдгийг хуулт тогтоогчид тайлбарлалаа.