Хоол шингээх чадвар муу биш л бол хушгыг усанд хонуулж идэх шаардлагагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #555

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хушгыг усанд дэвтээвэл шим тэжээл нь үржигддэг, биед тустай гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Хоол боловсруулах чадвар муу үед хушгыг усанд дэвтээж хэрэглэхэд шингээхэд хялбар болох хэдий ч шим тэжээлийг нэмэгдүүлэхгүй.

2023 оны 05 дугаар сарын 26-нд Нархан – Гэрэлт ирээдүйг хамтдаа нэртэй пэйжид Хушгыг усанд хонуулж идвэл дархлаа сэргэнэ, хушга идэх ёстой 17 шалтгаан гэх гарчигтай, narhan.me домайн дээр байршуулсан мэдээллийг постолсон нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний байдлаар 137 реакц, 1 сэтгэгдэл авч, 272 удаа цааш хуваалцсан байна. Домайн дээр байршуулсан мэдээллийн тархацыг crowdtangle хэрэглүүрээр шалгахад 2022 оны 04 дүгээр сараас эхлэн Facebook сүлжээрүү нийт 23 удаа постолж нийт 2.8 мянган реакц, 54 сэтгэгдэл, 3.8 мянган шэйр цуглуулсан байна.

  • Манай төв хушгатай холбоотой баримт шалгалтын тайланг 2022 оны 10 дугаар сарын 07-нд нийтэлж байсан ба тус баримт шалгалттай зарим агуулга давхцаж байх тул аль хэдийн баримт шалгалт хийсэн хушганы үйлчилгээнүүдийн ард богино тайлбар оруулсан болно. Дэлгэрэнгүйг өмнөх баримт шалгалтаас унших боломжтой.
  • Харин энэ баримт шалгалтад нягталсан агуулгуудыг тод хараар өгсөн болно.

narhan.me домайн дээр байршуулсан мэдээлэлд “Хоёр долоо хоног усанд соёолуулсан хушганы хүний биед үзүүлэх нөлөө эрс нэмэгддэг тул өглөө, орой тус бүр 3 хушгыг арилгаж идээрэй” гэх агуулгыг дурджээ. Харин ямар нөлөөллүүдийг дурдсаныг дор жагсаалтаар харууллаа.
1. Тархины хүнс /Тархины зарим үйл ажиллагааг дэмждэг/
2. Шим тэжээлт чанар өндөр
3. Аминдэмүүд болон эрдэс бодисын агууламж сайн
4. Омега-3 тосны хүчил агуулдаг
5. Холестерин эсэргүүцэгч /Зохих хэмжээнд хэрэглэхэд бууруулах үйлчилгээтэй/
6. Үс арчилгаа /Үнэн/
7. Арьс арчилгаа /Үнэн/
8. Жирэмсэн эмэгтэйд сайн
9. Хавдраас урьдчилан сэргийлдэг /Зохих хэмжээнд хэрэглэхэд урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй/
10. 2 төрлийн чихрийн шижинтэй тэмцдэг /Батлагдаагүй/
11. Жингийн менежмент
12. Эр бэлгийн эсийн тоог нэмэгдүүлдэг

13. Ясны эрүүл мэндэд сайн /Үнэн/
14. Хоол боловсруулах системийн эрүүл мэндэд сайн
15. Нойрсолтонд сайн /Хушганд буй магни, кали, кальци зэрэг нь чанартай нойрсоход тусалдаг/
16. Дархлааг дэмждэг /Хушга нь ходоодонд байрлах дархлааны эсийн орчныг тэтгэдэг/
17. Цус судасны эрүүл мэндэд сайн /Үнэн/

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Хушганы шим тэжээл, амин дэм, эрдэс бодисын агууламж

BBC агентлагийн Good Food буланд хушганы талаар дурдахдаа:
“30 грамм буюу 7 ширхэг бүтэн хушга нь:

  • 206 ккал
  • 4.4 грамм уураг
  • 20.6 грамм өөх тос
  • 14 грамм ханаагүй өөх тос
  • 1.4 грамм эслэг
  • 135 милиграмм кали
  • 48 милиграмм магни
  • 28 милиграмм кальци
  • 114 милиграмм фосфор
  • 20 микрограмм витамин B9 агуулна. Бусад самрын нэгэн адил ханаагүй өөх тос их хэмжээгээр агуулсан байх ба омега-3 тосны хүчлийн эх үүсвэр болдог” гэсэн байна.

Гэхдээ омега 3-ын хэрэгцээгээ шууд хушганаас авна гэдэг өрөөсгөл болохыг Forbes сэтгүүлд дурджээ. Сэтгүүлийн вэбсайтад байршуулсан мэдээлэлд:
“Хүн өдрийн омега 3-ын хэрэгцээгээ хангахын тулд хушга сайн идэх ёстой гэх мэдээлэл олон нийтийн дунд их тархжээ. Мэдээж огт үндэслэлгүй зөвлөгөө биш ч гэсэн зарим талаараа хэт өрөөсгөл юм. Ургамлын болон амьтны гаралтай омега 3 хоорондоо ялгаатай. Нэг нь нөгөөгөө шууд орлож чадахгүй. Ургамал нь альфа-линолийн хүчил (ALA) харин загас нь эйкозапентаеной хүчил (EPA) болон докозагексаены хүчил (DHA) агуулдаг. Хүн биедээ EPA болон DHA-ийг шууд үүсгэх боломж хомс тул нэг бол тэдгээрийг шууд идэж хэрэглэх эсвэл ургамалд байх ALA-г хэрэглэж болно. Элгэнд өрнөх гинжин урвалуудаар хүний бие ALA-г DHA болгон хувиргадаг. Гэхдээ уг гинжин урвалаар маш бага хэмжээний DHA үүснэ. Тиймээс омега 3-ын хэрэгцээгээ зөвхөн хушганаас гэлгүйгээр бусад төрлийн омега агуулсан хүнсийг идэж байх нь чухал” гэсэн байна.

2. Хушгыг усанд дэвтээхэд шингээхэд амар болох хэдий ч шим тэжээл нь нэмэгдэхгүй

Хушгыг усанд дэвтээх нь шим тэжээлийг нэмэгдүүлдэг эсэхийг тогтоохоор Шинэ Зеландын эрдэмтэд туршилт хийж, тайланг 2020 оны 07 дугаар сарын 30-нд Хүнсний химийн олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн байна. Тайланд:
“Хушгыг усанд дэвтээснээр шим тэжээлийн био идэвхийг нэмэгдүүлнэ гэх яриа бий. Шош болон үр тарианы төрлийн ургамлыг усанд дэвтээхэд ургамлын шим тэжээл буурдаг. Харин самрын төрлийн ургамалд яаж нөлөөлөхийг судалсан хангалттай эрдэм шинжилгээний ажил байхгүй байсан тул энэ туршилтыг гүйцэтгэлээ. Бид түүхий хушга, давсны уусмалд 12 цаг дэвтээсэн хушга, давсны уусмалд 4 цаг дэвтээсэн хушга, усанд 12 цаг дэвтээсэн хушга гээд нийт 4 төрлийн хушгыг шинжлэхэд:
1. Дэвтээж хоносон хушганы шим тэжээлийн үзүүлэлт өсөөгүй, харин ч шим тэжээлийн концентрат нь буусан
2. Дэвтээсэн хушга, ашигласан уусмалд байх шим тэжээлийн нийлбэр агууламж огт дэвтээгээгүй түүхий хушганыхаас ялгаагүй байсан гэх дүгнэлтэд хүрсэн. Иймд усанд дэвтээснээр шим тэжээлийн био идэвх нэмэгдэхгүй гэх дүгнэлтэд хүрлээ” гэсэн байна.

Гэсэн хэдий ч хушгатай холбоотой цахим хэлэлцүүлэг дээр Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулийн шим тэжээл судлаач Такада Момоко хэлэхдээ “Хушгыг усанд дэвтээх шаардлага байхгүй. Гэхдээ зарим хүмүүс хоол боловсруулах чадвар муу байдаг тул бүрэн шингээж чадахгүй, шим тэжээлийг бүрэн задалж чадахгүй нөхцөл үүсдэг. Иймд усанд дэвтээх үед энзим удаашруулагчдыг устгаж шингээлтийг сайжруулах боломжтой” гэсэн байна.

Дээр дурдсанаас харвал дэвтээсэн хушга нь хоол боловсруулах системийн үйл ажиллагаа муутай хүмүүс ашиглаж болох арга гэж болохоор байна. Гэхдээ хушганы шим тэжээл усандаа шингэх тул хушаа ч идэж, дэвтээсэн усаа ч ууж байж түүхий хушганд байх бүрэн шим тэжээлээ авахаар байна.

3. Жирэмсэн эмэгтэйчүүд омега 3 хэрэглэж байх нь урагт эерэг нөлөөтэй

АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн эмнэлгийн жирэмсэн эмэгтэйчүүдэд өгөх зөвлөмжид “Хэрэв жирэмсэн үедээ шаржигнасан, хөнгөн зууш идмээр байвал боловсруулсан бүтээгдэхүүн биш самар хэрэглээрэй. Жирэмсэн эмэгтэйд хэрэгтэй уураг, эслэг, эрүүл өөх тос, эрдсээр баялаг. Шим тэжээл өндөр учраас их идэж чадахгүй, хордлого өгсөн тохиолдолд багахан хэмжээний самраас өл дарахад шаардлагатай шим тэжээл авах боломжтой. Ямар ч самар байсан болох хэдий ч хушга нь бусад самарт байхгүй, загасанд байдаг зарим омега 3 тосны хүчил агуулсан байдаг тул хэрвээ та цагаан хоолтон эсвэл загас иддэггүй бол хушга хэрэглээрэй. Хушга идсэнээр биед чинь эвгүй нөлөө үзүүлж байвал идэхээ зогсоож, эмчтэйгээ зөвлөлдөөрэй” гэсэн байна.

4. Хушга нь жингээ зохицуулах хүсэлтэй хүмүүст тустай

АНУ-ын Массачусетсийн их сургуулийн судлаачид 2017 онд нэгэн туршилтыг хийжээ. Жингийн илүүдэлтэй 10 хүнийг оролцуулж өдөр бүр 48 грамм хушга агуулсан холимог уулгаж байсан байна. 5 өдөр үргэлжилсэн тус судалгааны үр дүнд хушга нь өл дарж, идэх хүслийг бууруулсан байна. Мөн бялуу, түргэн хоол зэрэг хүнсийг идэх дур хүслийг дарангуйлдаг тархины хэсгийг өдөөж байжээ. Хушгатай яг ижил өөх тос, шим тэжээлийн агууламжтай бүтээгдэхүүнтэй харьцуулахад биед 21 хувиар бага энерги шингээж байсан нь хэдийгээр хушга илчлэг өндөртэй ч, биед илчлэг нь бүрэн шингэдэггүй тул тохируулан хэрэглэхэд хүний биед сөрөг нөлөөгүй байна.

5. Эрчүүдийн нөхөн үржихүйд эерэг нөлөөтэй

Италийн эрдэмтдийн 2022 онд тогтоосноор боловсруулсан хүнс, сахрын өндөр агууламжтай бүтээгдэхүүн, боловсруулсан үр, тариа зэрэг нь эр бэлгийн эс боловсруулалтыг бууруулдаг байна.

Буруу хооллолтоос үүдэлтэй эр бэлгийн эс боловсруулалт буурсан эрчүүдийн дунд явуулсан туршилтаар “Өдөрт 75 грамм хушга хэрэглэж байсан эрчүүдийн эр бэлгийн эсийн бүтэц, амьдрах чадвар, хөдөлгөөн зэрэг нь хушга идээгүй бүлгээс илүү байсан. Мөн амьтан дээр хийсэн туршилтаар хушга идэх нь эр бэлгийн эсийн тэсвэртэй байдлыг нэмэгдүүлдэг” болохыг тогтоожээ.

6. Ганцхан хүнс хэрэглэлээ гээд эрүүл болно гэсэн үг биш

Харвардын их сургуулийн вэбсайтад 2020 онд байршуулсан, хушганы ач холбогдлын тухай мэдээлэлд:
“Хушга биед сайн гээд хэмжээгүй идээд байж болохгүй. Өдөрт 6-7 ширхэг байхад хангалттай. Нэг төрлийн хүнсийг биед сайн гээд шууд хэрэглэлээ гээд таны бие махбод эрүүл болчихно гэсэн үг биш. Хүний биеийн эрүүл мэнд гэдэг цогц систем учраас зөвхөн биед сайн гэснийг идэхээс гадна тогтмол дасгал хөдөлгөөн хийх, жингийн илүүдлээс сэргийлэх, тамхи татахгүй байх зэргийг анхаарах ёстой. Өмнө нь хийсэн судалгаануудаас ч гэсэн зөвхөн хушга хэрэглээд л өвчнөө эдгээсэн, эрүүл болсон гэх дүгнэлтэд хүрэх боломжгүй. Харин ч эсрэгээрээ хушга сайн хэрэглэдэг хүмүүс илүү их дасгал хөдөлгөөн хийдэг, тамхи бага татдаг байх боломжтой. Иймд тэнцвэртэй байдлыг эрхэмлэж бүх талаар нь биеэ тэтгээрэй” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document