Егөөдсөн утгаар ч хамаагүй нэг сэдвийг дахин идэвхжүүлж, анхаарлын төвд барих нь бусад чухал мэдээллийг мэдэх эрхийг хязгаарлаж болзошгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #554

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

40-өөс дээш насныханыг CU, GS25-аар үйлчлүүлэхийг хориглох тухай хуулийн төсөл өргөн барилаа гэнээ гэх мэдээлэл түгээсэн.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээллийн урсгалыг удирдахыг санаархах үйл ажиллагааны үед егөөдлийг ашиглах тохиолдол байдаг бөгөөд олон нийт тухайн мэдээллийг доог тохуу хийх зэргээр ач холбогдол өгч идэвхжүүлэх, өөр мэдээлэл авч болох цаг заваа түүнд зарцуулах зэргээр егөөдөл зорилгоо хангах тохиолдол элбэг. Мөн егөөдлийг шууд утгаар буруу ойлгож, цааш түгээх тохиолдол нь хуурамч мэдээллийн хор уршиг тарьж тархдаг.

2023 оны 05 дугаар сарын 23-наас олон нийтийн сүлжээнд нэгэн эмэгтэйн үйлчилгээний ажилтантай зүй бус харилцаж байгаа бичлэг цацагдсан. Үүний дараа уг үйл явдалд оролцогч хоёр талын ярилцлага гарч, улмаар иргэн Д.Нямаа гэх эмэгтэйн талаарх олон жилийн өмнөх баримтуудыг дэлгэж, шүүхийн тогтоол нийтлэх, төрсөн оныг нь олон янзаар таамаглаж хошигнох гэх мэтээр үргэлжилсэн шуугиан явсаар 05 дугаар сарын 29-ний өдөр “40-өөс дээш насныханыг CU, GS25-аар үйлчлүүлэхийг хориглох тухай хуулийн төсөл өргөн барилаа гэнээ” гэх егөөдсөн постоор үргэлжилж байна.

Баримт шалгалт хийж, үнэлгээ дарах учир нь:

Whopostedwhat платформоор дээрх агуулгын түлхүүр үгээр хугацааг нарийвчлан хайж үзэхэд 50 гаруй пост оруулсан байх ба жишээлбэл, hunnu.mn /Хүннү / нэртэй пэйжээр оруулсан нь 251 реакц, 76 сэтгэгдэл авч, 24 удаа цааш түгээсэн бол Unurtsetseg Naran нэртэй хэрэглэгчийн хаягаас оруулсан пост 2549 реакц, 462 сэтгэгдэл авч, 196 удаа цааш түгээсэн зэргээр пост бүр цааш түгсэн байна.

  • Зарим постод Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт хуулийн төсөл өргөн барьж байгаа зураг ашигласан байна. Уг зургаар хайж үзэхэд 2023 оны 01 дүгээр сарын 18-нд УИХ-ын Тамгын газрын parliament.mn сайтад оруулсан “Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гурван хуулийн төсөл өргөн мэдүүлэв” гарчигтай мэдээний зурагтай таарч байна. Мөн тус сайтад дээрх мэдээлэл түгээж байгаа хугацаанд өргөн барьсан болон хэлэлцсэн хуулийн төслүүдээс хайж үзэхэд шалгаж буй мэдээллийн илэрцгүй ба Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, 126 гишүүнтэй болох өөрчлөлт оруулсан тухай мэдээлэл байна.
  • Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн конвенц, пакт, бусад баримт бичгүүд болон Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиудад хүнийг яс үндэс, нас, хүйс, боловсрол зэргээр нь ялгаварлан гадуурхахыг хориглоно гэдгийг тунхагласан.

Энэ нь хүний зарим эрхийг хасах, тэр дундаа аль нэг үйлчилгээний газраар үйлчлүүлэх эрхийг хасах тухай хуулийн төсөл боловсруулах, батлах боломжгүй гэдгийг илэрхийлж буйг олонх нь мэднэ.

Гэтэл дээрх егөөдлийг шууд утгаар нь ойлгож, хууль тогтоогчид болон эрх баригчдыг өөр хийх зүйлгүй гэж бухимдсан тохиолдол ч цөөнгүй байна.

  • Мэдээллийн урсгалыг удирдахыг санаархах үйл ажиллагааны үед егөөдлийг ашиглах тохиолдол байдаг бөгөөд олон нийт тухайн мэдээллийг доог тохуу хийх зэргээр ач холбогдол өгч идэвхжүүлэх, өөр мэдээлэл авч болох цаг зав, цахим орон зайгаа түүнд зарцуулах зэргээр егөөдөл зорилгоо хангах тохиолдол элбэг. Мөн егөөдлийг шууд утгаар буруу ойлгож, цааш түгээх тохиолдол нь хуурамч мэдээллийн хор уршиг тарьж тархдаг. Тиймээс олон улсын технологийн компаниуд хуурамч мэдээллийг бууруулах, бодит мэдээллийг олон нийтэд хүргэх үйл ажиллагаандаа дээрх үзэгдлийг тусган арга хэмжээ авч ирсэн. Үүний нэг нь Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түнш хөтөлбөрийн үнэлгээнд “Satire” буюу егөөдөл гэх төрлийг оруулж, ийм төрлийн мэдээллийг идэвхжүүлсэн, шэйрлэсэн хэрэглэгч бүрд бодит байдлыг хүргэх автоматжуулалтыг ашиглаж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document