Search

Вакцин тариулсан сувилагчийн зүрх нь зогсож сэхээнд оржээ #ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #55

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Гранд мед эмнэлэгт вакцин хийлгэсэн сувилагчийн зүрх нь зогсож сэхээнд орсон гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гранд мед эмнэлэг албан ёсны хуудсаараа дамжуулж “вакцин хийлгэсэн нэг сувилагчийн зүрх зогсож сэхээнд орсон” гэх мэдээлэл худал ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдсэн.

2021 оны гуравдугаар сарын 10-нд Khulan Ganhuyag нэртэй Facebook хэрэглэгчийн хаягаас Гранд мед эмнэлэгт вакцин хийлгэсэн сувилагчийн зүрх нь зогсож сэхээнд орсон талаар мэдээлэл оруулсан нь гуравдугаар сарын 11-ний 10:00 цагийн байдлаар 1.8 мянган шэйр, 743 сэтгэгдэл аваад байна.

📌Уг постонд “КОВИДЫН ВАКЦИН ТАРИУЛСАН СУВИЛАГЧИЙН ЗҮРХ НЬ ЗОГСОЖ СЭХЭЭНД ОРЖЭЭ

Өчигдөр ГрандМед эмнэлгийн ажилтнууд ковидын вакцин тариулсан байна.

Урьд шөнө нь жижүүртэй хоносон нэг сувилагч 11 цагийн үед вакцин тариулна гэж яваад хүнээр түшүүлж бууж ирсэн байна. Тэгээд зүрх нь зогсож өвчтөнүүдийнхээ нүдэн дээр ухаан алдан ойчсон. Эмнэлэг тулдаа яаралтай арга хэмжээ авч хажуугийнх нь өрөөнд оруулж зүрхний аппарат залгасан байна. Дараа нь сэхээний тасагт шилжүүлжээ.

Бусад эмч, сувилагч нараас хэд хэдэн хүн даралт нь ихсэж, бөөлжсөн. Бас 2 сувилагч бие нь муудаад сэхээнд хоноод өглөө бие нь дээрдэж гэртээ харьсан гэнэ.

Үүнээс болж тус эмнэлгийн ажилчдын тал нь өөрийн хүсэлтээр вакцин хийлгээгүй гэнэ.

Өнөөдрийн байдлаар вакцин хийлгэсэн хүмүүс халуурсан, ядруу шинжтэй харагдаж байна.

Өмнө нь энэ вакциныг тариулсан өөр хүмүүс ч гэсэн их ядарч сульддаг боллоо, гар зовхи татваганаад байна, бие маань нэг л биш болчихлоо гэж ярьсан хүмүүс их олон байна шүү!

(3-4 сарын дараа энэ вакцины нөлөө бүрэн мэдэгдэнэ биз)

ЭМЯ АА, ЭНЭ ҮХЛИЙН ВАКЦИНАА ЗОГСООГООЧ ЭЭ!

ХҮНИЙГ ИНГЭЖ ЭМЧИЛДЭГ ЮМ УУ” гэсэн байна.

1. Гранд мед эмнэлгийн 77000066 дугаарын утсаар холбогдож вакцин тариулсан сувилагчийн зүрх нь зогссон эсэхийг асуухад тийм явдал гараагүй гээд албан ёсны мэдэгдэл пэйждээ байршуулснаа хэлсэн юм. 📌Уг мэдэгдэлд “Гранд мед” эмнэлгийн ажилтан, алба хаагчид 2021 оны 3 дугаар сарын 9-ны өдөр Ковид-19 өвчний эсрэг дархлаажуулалтын эхний тунд хамрагдаад байгаа бөгөөд сошиал сувгаар цацагдаад буй “вакцин хийлгэсэн нэг сувилагчийн зүрх зогсож сэхээнд орсон” гэх мэдээлэл худал ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Иргэд та бүхэн хуурамч мэдээлэлд автахгүй байхыг хүсье” гэжээ.

2. Мөн энэ мэдэгдлийг гуравдугаар сарын 11-ний 11:00 цагийн хурлын үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр уншиж, сувилагчийн тухай мэдээлэл худал гэдгийг мэдэгдэв.

3. Уг постыг анх оруулсан Khulan Ganhuyag нэртэй Facebook хэрэглэгчтэй чаатаар холбогдож тодрууллаа. Тэрбээр, “Гранд мед эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүнээс мэдээлэл авсан. Эх сурвалжаа нууцална. Заяа гэдэг сувилагч ухаан алдсан. Хүмүүсийг коридорт гаргаад ер харуулахгүй, бичлэг хийлгэж, зураг авахуулахгүй байсан гэсэн. ЭМЯ вакцинтай холбоотой хүндрэл гарвал маш их нууцалж байгаа тул үгүйсгэх л байх” гэсэн хариу өгсөн юм. Анхдагч мэдээлэл тавьсан энэ Facebook хэрэглэгчийн постууд бүхэлдээ вакцины эсрэг чиглэсэн, эрүүл мэндийн холбогдолтой мэдээлэлтэй байгаа нь санамсаргүйгээр нэгэн тохиолдлыг мэдээлсэн гэхээсээ илүүтэй зорилготой хийсэн үйлдэл гэж үзэж болохоор байна.

4. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас энэ талаар тодруулахад, “Манайд вакцинтай холбоотой хүндрэл гарсан бол маш хурдан хугацаанд мэдэгдэх ёстой, тийм журам бий. Одоогоор Гранд медтэй холбоотой дуудлага ирээгүй байна” гэсэн юм.

📌Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/527 тоот тушаалаар вакцинтай холбоотой асуудлыг зохицуулж байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэллээ. Уг тушаалын 2.1.3-т “24 цагийн дотор мэдэгдэх өвөрмөц тохиолдлууд” гэсэн заалтын 3-т “дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийн тохиолдол бүрийг мэдэгдэнэ” гэж заажээ.

5. Нийслэлийн албан ёсны сайтад гуравдугаар сарын 11-ний 09:13 цагт дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг оруулсан. Уг мэдээнд “Өдөрт дунджаар 1200-3500 хүнийг дархлаажуулж, хариу урвал, хүндрэл хэр их байгааг 10 гаруй хоног тандаж үзэхэд вакцин хийлгэсэн нийт хүний 40 орчим хувьд хөнгөн хэлбэрийн хариу урвал илэрч, ноцтой хүндрэл илрээгүй. Иймээс гуравдугаар сарын 9-нээс дархлаажуулалтын цэг, хүний нөөцийн тоог хоёр дахин нэмж, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, зарим томоохон байгууллагад байнгын болон түр цэгийг нээж, дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлсэн” тухай мэдээлсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document