Гэрийн нөхцөлд цөсөө цэвэрлэж, цөсний чулууг биеэс гадагшлуулж болно гэх ойлголт худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #549

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Оливийн тос, гоо жүрж, магнезиум гэсэн 3 орцоор цөсний хүүдийг цэвэрлэх нь цөсний чулуунаас урьдчилан сэргийлж, эмчилдэг гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Энэ нь цөсний чулуу болоод бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эмчилдэг болох нь  батлагдаагүй ба ам дамжсан яриаг худал болохыг туршилтаар тайлбарлаж өгсөн байна.

“ҮНЭН ҮГС АДМИН” нэртэй пэйжэд 2023 оны 05 дугаар сарын 02-нд  “Цөсний чулуунаас айхааргүй боллоо – Шэйрлээд аваарай” гэх тайлбартай постыг budun.life гэх домэйн нэртэй сайт руу орж унших байдлаар хавсарган оруулжээ. Тухайн мэдээлэл нь 05 дугаар сарын 22-ны байдлаар 175 реакц, 6 сэтгэгдэл авч, 695 удаа цааш түгээгджээ.

Тус мэдээлэлд “Ганцхан өдрийн дотор маш цөөн материалаар цөс цэвэрлэх аргыг орууллаа. Найз маань энэ аргыг хэд давтаж байгаа бөгөөд үр дүн нь маш өндөр мөн цэвэрлэгээ хийх бүрд цөсний ногоон чулуу их хэмжээгээр гарч байгааг зураг хөрөгтэй нь явуулж байсан тул надад өнөөдөр үүнийг туршиж үзэх хүсэл бас хувьсгалын тохироо бүрдэж ийнхүү бэлдлээ. Энэхүү цэвэрлэгээний дараа өдөр ядарсан шинжинд орж, нойр ихээр хүрч бие амардаг гэсэн шүү. Орц: 2 ширхэг Grapefruit буюу исгэлэн жүрж, цэвэр оливийн тос, магнезиум орно” хэмээсэн байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийв

Шалгаж буй мэдээлэлд дурдсанчлан цөсний чулууг гэрийн аргаар цэвэрлэх арга нь эмнэлзүйн туршилтаар батлагдсан эсэхийг анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын, баталгаатай эх сурвалжуудын мэдээллээс хайж шалгалаа. 

Ам дамжсан цуу яриаг шинжлэх ухааны туршилтаар үгүйсгэжээ.

“Цөсний хүүдийг цэвэрлэх нь цөсний чулууг гадагшлуулах нэг арга” гэж яригддаг ч энэ нь цөсний чулуу болоод бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эмчилдэг болох нь  батлагдаагүй тухай эрүүл мэнд, клиникийн туршилт, судалгаа, эмчилгээний Майо клиник /Mayo clinic/ болон ​​эрүүл мэндийн баталгаат мэдээ, мэдээлэл хүргэдэг WebMD цахим сайтад тус тус нийтлэгдсэн байна.

Оливийн тосыг бусад ургамалтай хольж хэрэглэх, цитрусын төрлийн жимсний шүүсийг тодорхой цагуудад уух гэх мэтээр гэрийн нөхцөлд цөсөө цэвэрлэхийг оролдох тохиолдлууд их байдаг. Цөсийг ингэж цэвэрлэснээр цөсний чулуу задарч, өтгөнөөр гадагшилдаг гэх яриатай холбоотойгоор нийтийн дунд энэ арга их түгсэн байна.

Энэхүү аргыг шинжлэх ухааны үндэслэлтэй эсэхийг нягтлахын тулд өтгөнөөр гадагшилсан тэрхүү цөсний чулуу мэт эдийг микроскопоор шинжлэхэд талст бүтэцгүй, ямар нэг холестерин, билирубин /будагч бодис/, кальци агуулаагүй нь тогтоогдсон байна.

Мөн лабораторийн туршилтаар, оливийн тосны гол бүрэлдэхүүн болох олеины хүчил дээр тэнцүү хэмжээний нимбэгийн шүүс хийж, дээр нь багахан хэмжээний калийн гидроксидын уусмал нэмэхэд, тэдгээр нь хоорондоо нийлж, үл ялиг хатуу цагаан бөмбөлгүүд үүсгэж байгааг тогтоожээ.

Иймээс, цөсөө цэвэрлэх гэж оливийн тос, калийн өндөр агууламжтай цитрусын төрлийн жимсний шүүсийг хамт хэрэглэх нь хүний биед дээр дурдсан шиг хатуулаг эдийг бий болгож, тэр нь өтгөнөөр ялгарахад хүмүүс цөсний чулуу гадагшиллаа гэж буруу ойлгодог байна. Гэрийн нөхцөлд цөсний чулууг гадагшлуулдаг гэх энэ мэт аргууд нь худал, ташаа болохыг дэлхийн эрдэм шинжилгээний шилдэг сэтгүүл болох Лансэт /The Lancet/-д нийтэлжээ.

Цөсний чулуутай холбоотой шинж тэмдэг илэрвэл эмчид хандах ба гэрийн нөхцөлд элдэв арга хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Цөсний хүүдий цэвэрлэх нь эрсдэлтэй бөгөөд цөсөө цэвэрлэх явцад зарим хүмүүст дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Мөн цөс цэвэрлэхэд хэрэглэдэг гэх орц, найрлагууд нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ч  болдог байна. Хүний биед цөсний чулуутай холбоотой өвчлөлийн ямар нэг шинж тэмдэг илрээгүй л бол эмчилгээ хийх шаардлагагүй байдаг. Хэрэв цөсний чулуунд зайлшгүй эмчилгээ хийх шаардлагатай бол мэргэжлийн эмчид хандан, чулууг мэс заслын аргаар авахуулах, цөсний давсан эм, эсвэл долгион эмчилгээ хийлгэх зэрэг зөвхөн эмчилгээний батлагдсан аргуудаар эмчлүүлэх хэрэгтэй болохыг мэдээлсэн байна. 

АНУ-ын Чихрийн шижин, хоол боловсруулах, болон шээсний замын өвчлөлийн үндэсний хүрээлэнгийн мэдээлэлд зөвлөснөөр:

  • эслэг ихтэй, эрүүл өөх, тостой хоол хүнс хэрэглэж, нүүрс ус, чихэрлэгээ багасган хоолны хэрэглээгээ зөв тохируулах,
  • илүүдэл жинтэй эсвэл таргалалттай бол эрүүл, аюулгүй аргаар жингээ хасах,
  • эрүүл хооллолт, тогтмол дасгал, хөдөлгөөн хийн жингээ хэвийн хэмжээнд барих гэжээ. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document