Facebook-т шинээр үйл ажиллагаагаа явуулж буй банкны нэрийг ашиглан, ижил профайл зураг бүхий хаяг үүсгэн өмнө нь оруулсан бичлэг, зураг, постуудыг хуулан оруулж, хандалт цуглуулж буй хуурамч хаягийг шалгалаа. М банкны фэйсбүүк дэх цахим хуудсыг хуурамчаар үйлдэн “Зээл гаргана, Бонус хөтөлбөрийг хаах гэж байна, Бонус орлоо” гэх зэрэг постыг тус хуудсанд 80 орчим удаа оруулжээ.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийгээрэй
1. Эх сурвалжийг шалгаж заншаарай
Тус хуудасны албан ёсны дагагчийн тоо нь 1.4 мянга бөгөөд эх сурвалжийг нягтлахын тулд зарим мэдээллийг шалгалаа.
Ингэхдээ:
- Пэйжийн “About” цэсэн дээр дарж орно.
- Page transparency буюу пэйжийн ил тод байдал гэх мэдээллийг орж үзнэ.
- See all буюу бүгдийг харах цэсийг сонгосноор нээлттэй байршуулсан мэдээллүүдийг нь харах боломжтой.
Зааврын дагуу орж харснаар уг пэйжийг 2022 оны есдүгээр сарын 16-ны өдөр үүсгэсэн гэх мэдээллийг авлаа. Харин М банк 2018 оноос мэдээллээ түгээж эхэлсэн.
2. Албан ёсны хаягуудыг давхар хайх
М банкны албан ёсны хуудас нь фейсбүүк орчинд 67 мянган дагагчтай, 62 мянган Like-тай бөгөөд тус байгууллагын нийгмийн сүлжээн дэх албан ёсны хаягууд бүгд mbankmongolia гэсэн user name ашигладаг байна.
Мөн бид 05 дугаар сарын 23-ны өдөр М банкны 18002929 дугаарын утсаар тодруулж асуухад дээрх хуудсыг хуурамч гэсэн бөгөөд албан ёсны хаягаа санал болгосон юм.
Түүнчлэн тус байгууллагын журамд зээл гаргахад албан ёсны бичиг баримтын эх хувьтайгаа ирж, гэрээ байгуулан, зээлийн шаардлага хангасан эсэхийг нягтлуулсаны дараа зээл авах боломжтой гэдгийг мэдээлсэн бөгөөд эдгээр үйлчилгээ нь ямар нэг хураамжгүй, үл мэдэгдэх линк дээр дарах үйлдэл хийхийг шаардахгүй юм.