Монгол болон БНХАУ-ын хил дамнасан газар доорх хонгилыг илрүүлсэн гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #544

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Монгол, БНХАУ-ын хил дамнасан туннель илрүүлсэн гэж нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хил дамнасан хонгил илрүүлсэн үйл явдал Монголд болоогүйг холбогдох байгууллагаас мэдээлсэн ба гадаад улсад болсон үйл явдлын зураг хавсаргасан байна.

2023 оны 05 дугаар сарын 22-нд DREAM CAR нэртэй пэйжид газар доорх хоолойн зургийг “Монгол улс БНХАУ-н хилийн зурвасыг дамнуулан газар доогуур туннель ухсан байсныг илрүүлжээ. Хятадууд монголын алт, үнэт металыг энэ хонгилоороо зөөж байсан байна. Энэхүү мэдээллийг Тагнуул, хууль хүчний байгууллагуудад хэлсэн боловч тоохгүй байгаа аж. Цааш нь сайн дамжуулаарай. Төрийн өндөрлөгүүдэд яаралтай мэдэгдэх шаардлагатай байна” гэх тайлбартай оруулсан нь 2023 оны 05 дугаар сарын 24-ны байдлаар 1410 реакц, 40 сэтгэгдэл авч, постыг 1.7 мянган удаа цааш хуваалцжээ.

Агуулгаар хайхад яг ижил мэдээллийг 2020 оны 08 дугаар сарын 18-нд Khaliunbat Myagmarjav нэртэй хэрэглэгчийн хаягаас түгээж 532 реакц, 116 сэтгэгдэл цуглуулж, 10 мянган удаа цааш хуваалцсан байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Хил хамгаалах ерөнхий газраас уг мэдээллийг үгүйсгэлээ

Бид Хил хамгаалах ерөнхий газарт албан хүсэлт гаргаж, энэ талаар байр суурийг нь тодруулсан ба хүсэлт гаргасан өдрийн маргааш буюу 05 дугаар сарын 23-нд дээрх мэдээллийг үгүйсгэж, “газар доогуур ухах ямар ч боломжгүй”-г онцлон, хуулийн зохицуулалтуудыг дурдсан хариу ирүүллээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

Хил хамгаалах ерөнхий газраас хариу тайлбар мэдэгдэх нь

Монгол Улсын Их хурлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан Монгол Улсын Хилийн Тухай хуульд:
4 дүгээр зүйл. Монгол Улсын хил
4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил /цаашид “улсын хил” гэх/ гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.
4.2.Улсын хил халдашгүй дархан байна.
4.3.Улсын хилийн халдашгүй дархан байдал нь улсын хилийн шугам хууль бусаар өөрчлөгдөхгүй, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ зөрчигдөхгүй байхаар хангагдана.

5 дугаар зүйл. Монгол Улсын хилийн аюулгүй байдал
5.2.Хилийн аюулгүй байдал гэж улсын хил, хил орчмын нутаг дэвсгэрт үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах, гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсаныг хэлнэ.
5.4.Хилийн аюулгүй байдлыг хангах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх, байгууллага, иргэний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, төрөөс хилийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах асуудлыг Засгийн газар хариуцна.

6 дугаар зүйл. Улсын хилийн шугамын асуудлыг шийдвэрлэх
6.1.Улсын хилийн шугамыг тодорхойлох, тогтоох, өөрчлөх асуудлыг Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/, улсын хилийг хамтран шалгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

13 дугаар зүйл. Улсын хилийн дэглэмийн агуулга

13.1.Улсын хилийн дэглэмийн агуулга нь улсын хилийг арчлан хамгаалах, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хилийн ус, хил дамнасан байгууламжийг ашиглах, хил дээр ан агнуур, ажил, үйлдвэрлэл явуулах, байгаль орчин, амьтныг хамгаалах журмаас бүрдэнэ.

26 дугаар зүйл. Улсын хилийн зурвас, түүнд мөрдөх журам, хориглох зүйл

26.1.Улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер, техникийн байгууламж барих зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ.
26.2.Улсын хилийн зурваст дараахь журмыг мөрдөнө:
26.2.1.улсын хилийн зурваст нэвтрэх иргэн нь Монгол Улсын иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичигтэй байх;
26.2.2.улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэх;
26.2.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь улсын хилийн зурваст улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэйгөөр нэвтэрч энэ хууль болон бусад хууль тогтоомжоор хориглоогүй ажил, үйлдвэрлэл явуулах;

Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн Газар Хоорондын Гэрээний 22 дугаар зүйлд:
Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсны дараа Талууд өөрөөр хэлэлцэн тохиролцоогүй бол хуурай газрын хилийн шугамаас хоёр тийш 50 метрийн дотор хил хамгаалалтын, боомтын болон хил дамнасан байгууламжаас бусад байнгын барилга байгууламж барихыг хориглоно гэж тус, тус заасан байдаг ба “Монгол Улс, БНХАУ-ын хилийн зурвасыг дамнуулан газар доогуур туннель гарган ухаж, Хятадууд Монголын алт, үнэт металыг энэ хонгилоор зөөж байна” гэсэн мэдээлэл нь Монгол Улсын Хилийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хийж боломгүй хуулиараа хориотой үйлдэл тул газар доогуур ухах ямар ч боломжгүй, буруу ташаа мэдэгдэл гэдгийг үүгээр мэдэгдэе” гэсэн байна.

2. Ашигласан зураг нь Монголд биш

Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зургийг Google Reverse image search хэрэглүүрээр хайхад АНУ-ын NBC News агентлагийн вэбсайтад 2012 оны 07 дугаар сарын 13-нд байршуулсан мэдээний илэрц гарч ирлээ. Тус мэдээнд:
“АНУ болон Мексикийн хил дамнуулан газар доогуур татсан 2 хонгилыг илрүүллээ. Шинжээчийн дүгнэлтээр “Тус хонгилыг хил хамгаалагчдын хараа хяналтаас ангид байх зорилготой барьсан байх магадлалтай” гэсэн байна. Хоолойг Мексикийн арми илрүүлсэн бөгөөд тус бүр нь дор хаяж 140 орчим метр урттай. 1990 оноос хойш нийт 156 нууц хонгил илрүүлсний 70 орчмыг нь 2008 оноос хойш илрүүлжээ. Тус 2 хонгилоор дамжуулан хоёр улсын хооронд 52 тонн марихуан нэвтрүүлсэн байх магадлалтай гэх тооцоолол гарчээ” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document