2023 оны 05 дугаар сарын 20-нд “Осоржамаа” нэртэй пэйж хаягаас “шэээри хийгэээрэй. Шинээр нээж байгаа албан ёсны пэйж шүү! Тийм учраас үзэгчдээ баярлуулмаар санагдаад. БЯЦХАН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА. 200,000 төгрөгний 20 азтанг тодруулна.
Сүпер азтан маань IPHONE 14 PRO MAX
Энэ нь ямар нэгэн худал хуурмаг зүйл биш шүү. Та 100% надад итгэж болно
Та
200,000 төгрөгтэй болоход маш амархан. Супер 1 азтан iphone 14 pro max Доорхи хоёр алхмыг хийгээд л азтан болох боломжтой юм” гэсэн тайлбартай лайв бичлэг бүхий пост оруулсан ба “энэ пэйжид лайз дарж, таваас дээш группэд шэйр хий” гэсэн утгатай сэтгэгдэл оруулжээ.
Уг пост 05 дугаар сарын 24-ний байдлаар 601 реакц, 547 сэтгэгдэл авч, 933 удаа цааш түгээсэн байна. Мөн ижил агуулгатай бичлэгийг лайв хийн тоглуулж өндөр хандалт авсаар байна.
Хуурамч хаяг эсэхийг шалгах арга
Пэйжийн мэдээллийг үзэх
Тухайн пэйжийн хаяг дээр дарж ороод “about”, дараа нь “page transparency” руу ороорой.

Уг хаягийг 2013 оны 02 дугаар сарын 22-нд “Ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгчид” нэртэйгээр үүсгэж байсан ба 2023 оны 05 дугаар сарын 10-нд “Осоржамаа” болгон нэрийг өөрчилсөн байна.
Мөн facebook холбоостоо харагдах нэршлээ osorjamaami болгон өөрчилсөн байна.
Тоглуулсан бичлэгийг шалгах
Уг бичлэгт азтан шалгаруулах, 20 хүнд 200 мянган төгрөг, супер азтанд гар утас бэлэглэх тухай огт яриагүй. Тиймээс өөр хаягаас хийсэн лайвыг татаж аваад дахин тоглуулсан байх боломжтой.
Үүнийг мэдэхийн тулд “Осоржамаа” гэх утгаар Facebook-т хайж үзээрэй. Гарч ирсэн хаягуудад шалгаж буй бичлэгтэй адилханыг оруулсан эсэхийг шүүж харахад “О.Осоржамаа” нэртэй хаягаас 05 дугаар сарын 20-нд өглөөний 10:36 цагт “Tailvar. Ene linkluu orood mni shene page huudastai taniltsaarai” гээд “Осоржамаа.Диско” гэх нэртэй пэйжийн холбоосыг хавсарган тайлбартай хийсэн бичлэг гарч ирлээ.
Харин шалгаж буй постыг 18:09 цагт шууд бичлэг буюу live цэсээр яг одоо болж буй үйл явдлыг үзүүлж байгаа мэтээр оруулсан байна.
Дээрх хаягаар Осоржамааг өөрөө хөтөлдөг хаяг мэт ойлголт төрүүлэх зорилгоор өмнө нь хийсэн бичлэг, зургуудыг дахин оруулахдаа олон хандалт авсаар байгаа бөгөөд цаг үеийн зарим мэдээллийг шингээж байгаа нь зорилготойгоор хуурамч мэдээлэл түгээж, олон нийтийн сэтгэл зүйг удирдах гэсэн оролдлого гэж үзэх боломжтой.