2023 оны 03 дугаар сараас «Цензургүй Яриа-Цензургүй Сурвалжлага» нэртэй нээлттэй группэд Maya Mehrotra гэх хаягаас “Та ХААН банктай бол өдөрт 5,500,000 төгрөгийн орлого олох боломжтой. ХЭРВЭЭ СОНИРХОХ БАЙВАЛ НАДТАЙ МЭДЭЭ ИЛГЭЭНЭ”, “Хэрэв та банкны данс, Gmail данстай бол долоо хоног бүр 6,500,000.00 төгрөг олох боломжтой” гэх мэтээр нийт 37 удаагийн пост оруулсан байна.
Нэр хаяг нь тодорхойгүй, нийтэд нээлттэй түгээсэн мэдээлэл байхгүй энэ төрлийн пост нь бусдын хувийн мэдээллийг авах, цахим залилан хийх санаархалтай байдаг тул хариу өгч, реакц дарж, сэтгэгдэл бичихгүй, цааш хуваалцахгүй байх нь зүйтэй.
FACTCHECK: Дараах байдлаар анхан шатны баримт шалгалт хийж, хуурамч болохыг нь мэдэж аваарай.
Хаягийг шалгах
Тухайн мэдээлэл оруулсан хаягийн нэр дээр дарж ороорой. Maya Mehrotra гэх энэхүү хаяг нь 2023 оны 03 дугаар сарын 6-нд хавтасны болон нүүр зургаа сольсоноос өөр нээлттэй тохиргоотой мэдээлэл оруулаагүй байна. Хэдийгээр монгол эмэгтэйн зуратай боловч профайлын хувийн холбоос нь facebook.com/gift.dauda гэж байна.
Мөн Нигерийн Абужагаас ирж Улаанбаатарт амьдардаг гэсэн мэдээлэл оруулсан ба найзуудын жагсаалтынх дийлэнх нь гадаад хаягууд байна. Хаягийн about буюу танилцуулга хэсэгт ямар нэг холбоо барих дугаар, хаяг, албан ёсны үйл ажиллагааны танилцуулга байхгүй байна.
Та энэ төрлийн мэдээлэлд итгэн хувийн мэдээллээ хуваалцсанаар санхүүгийн залилангийн хохирогч болох эрсдэлтэй
Хуурамч хаяг үүсгэн мөнгөн дэмжлэг олгоно, бага хүүтэй мөнгө зээлнэ зэрэг мэдээллээр цахим хэрэглэгчдийн анхаарлыг татаж хандалтаа өсгөх, түүнчлэн санхүүгийн залилан хийх ч тохиолдол байдгийг бид өмнөх баримт шалгалтууддаа дурдаж байсан. Шалгаж буй постын доор сэтгэгдэл бичсэн иргэдэд “Найзын хүсэлт явуулаарай”, “Чат бичээрэй” зэрэг байдлаар хариулсан нь хандалтаа өсгөхийн зэрэгцээ бусдыг залилах санаатай үйлдэл байж болзошгүй. Иймд та өөрийн захидал харилцаа, санхүүгийн нууцаа чандлан хамгаалж өөрийгөө болон бусдыг гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн мэдээг репорт хийж заншаарай.