2023 оны 05 дугаар сарын 18-нд “Солонгос залуус ерөнхийлөгчөө огцруулахаар өчигдрөөс хоноод эхэлжээ” гэх мэдээллийг Ламжавын Гүндалай нэртэй фэйсбүүк пэйжэд оруулжээ. Тухайн мэдээлэл нь 1300 гаруй реакц, 84 сэтгэгдэл авч, 81 удаа цааш түгээгдсан байна.
FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийв
Мэдээлэлд хавсаргасан зурагт БНСУ-ын улсын нийслэл Сөүлийн хотын захиргааны урд талбайд шөнийн цагт олон хүн цугласан байдалтай дүр зураг харагдаж байна. Тухайн зургийг ашиглан БНСУ-ын албан ёсны мэдээллийн эх сурвалжуудаас хайж үзлээ.
1. Солонгос улсын “Сөүл сонин”-ы албан ёсны сайтад оруулсан мэдээллээр нягтлахад тухайн зураг нь солонгос залуучуудын ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж буй эсэргүүцлийн зураг биш бөгөөд барилгын салбарын ажилчдын 2 өдрийн ажил хаялтын хүрээнд болж өрнөсөн үйл явдлын зураг байна.
2. Мэдээлэл оруулсан пэйж энэхүү постыг оруулахдаа “өчигдрөөс хоноод эхэлжээ” гэж тодотгосон ба тухайн хугацааг нь тодруулбал 05 дугаар сарын 17-ны шөнөөс эхлэн одоог хүртэл уг үйл явдал болж буй мэт ойлголт төрүүлэхээр байна.
Харин тухайн зурагт буй үйл явдал нь 05 дугаар сарын 16,17-нд болж өнгөрсөн юм. Тодруулбал, БНСУ-ын мэдээллийн ЁНХАП агентлагийн мэдээлснээр Сөүл хотын төвд 2023 оны 05 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Солонгосын барилгын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн 30,000 орчим гишүүн ажил хаялт зарлаж, жагссан байна. Тус жагсаалын гол шалтгаан нь засгийн газрын хөдөлмөрийн бодлого болон үйлдвэрчний эвлэлийг чиглэсэн дарангуйлал, зохиомол мөрдөн байцаалтыг эсэргүүцсэний улмаас болсон тухай мэдээлжээ.