Чойжин ламын сүм музейн хөх тоосгыг нураагаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #534

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Чойжин ламын сум музейг нурааж, хөх тоосгыг улаан тоосгоор сольж өрж байгаа мэтээр нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Сүмийн хэрмэн ханыг л хөх тоосгоор хийсэн бөгөөд хэрмэн ханаас хөх тоосго дутаагаагүй. Зурагт гарч буй засвар 2011-2013 оны үйл явдлын зураг.

2023 оны 05 дугаар сарын 18-нд Khayankhyarvaa Tugs нэртэй хэрэглэгч “Түүх соёлын тухай огтхон ч мэдлэггүй ТЭДС тоносон Гацуурт ХХК-ийн эзэн олигархи Чинбатын охин мэргэжлийн бус Соёлын саад Номин Чойжин ламын музейн түүхэн хөх тоосгон ханан хашааг нурааж, улаан тоосгон хашаа шинээр барьж, шахаа хийж, түүх соёлын дурсгалыг устгаж ОГЦРОХ болзлоо бүрэн хангалаа!!! Ч.Номин саад огцорно уу!!! Түүх соёлоо устгаж буй, түүхэн ханыг нурааж буйг эсэргүүцэж байгаа нь” гэх тайлбартай, барилгын ажлын зураг хавсаргасан пост оруулсан нь 70 реакц, 25 сэтгэгдэл авч, 147 удаа цааш хуваалцсан байна. Мөн уг постыг төрөл бүрийн эх сурвалжууд давтан түгээсээр байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Ашигласан зураг 2013 оны үеийн зураг байна

Ашигласан зургуудыг Google Reverse image search хэрэглүүр ашиглан хайхад тус зургууд нь 2013-2015 оны үед цахим орчинд түгэж байсан зургууд байна. Мөн өнөөдөр буюу 05 дугаар сарын 18-нд авсан Чойжин Ламын сум музейн зургийг хавсаргалаа. Энэ зургаас та бүхэн ямар нэг хана буулгасан, нураасан барилгын ажил өрнөөгүй байгааг харж болно.

2. Хөх тоосгыг улаан тоосгоор сольсон тохиолдол байхгүй

Бид Чойжин ламын сүм музейд хөх тоосгыг улаан тоосгоор сольсон тохиолдол гарсан эсэхийг лавлахаар Чойжин ламын сүм музейн эрдэм шинжилгээний хэлтэстэй холбогдож тодрууллаа. Тодруулгад:
“Хөх тоосго гэдэг бол Монгол соёлын үл хөдлөх хөрөнгө. Иймд ч бид уг материалыг хайрлаж хамгаалах ёстой.

Чойжин ламын сүмийн шавар хана сууриараа хазайж, нуралт үүсэх нөхцөл үүсээд байсан тул 1961 онд сэргээн завсарласан. Тухайн үед ханыг бэхжүүлэх зорилгоор улаан тоосго ашигласан. Анхнаасаа сүмийн бүх хашааг хөх тоосгоор хийсэн байгаагүй. Хашааны дүүргэлтиийг тоосгоны бутархай, шавар, ваарны шаазан зэргийг хольж барьсан байдаг. Тухайн үед үйлдсэн “Сэргээн засварлалтын түүхэн дурсгалд үзүүлж болзошгүй эрсдэлийн нөлөөллийн үнэлгээ” холбогдох бусад бичиг баримтын хамт Монгол Улсын Үндэсний төв архивд хадгалагдаж байгаа. Эргэлзэж буй хүмүүс чөлөөтэй очиж үзэх боломжтой.

Харин сүмийн хэрмэн хашааны суурь, баганийг хөх тоосгоор хийсэн байсныг тэр хэвээр нь үлдээсэн. Нэг ч тоосго дутаагаагүй. Мөн хамгийн хойд талын буюу Ядам сүмийг тойрсон хана хуучны хийцээрээ байгаа. Гэтэл 2011-2013 үеийн ханыг засварлаж буй зургийг гаргаж ирээд хөх тоосго байсныг нь улаан тоосгоор сольчихсон юм шиг ярих нь зөвхөн манай байгууллагын гэлтгүй соёлын салбарын нэр хүндэд халдаж буй үйлдэл. Музейн барилгыг бид өөрсдөө дур мэдэн сэргээн засварлах эрхгүй. Соёлын өвийн үндэсний төв болон харьяа дүүргийн удирдлага, байгууллагаас засварлах шийдвэр гаргадаг” гэх хариултыг өгсөн байна.

Дээрх баримт шалгалтаас дүгнэхэд хавсаргасан зурагт нь харуулсан үйл явдал 2013 онд болсон, мөн тухайн үед ч Чойжин ламын сүм музейг засварлахдаа хөх тоосго нураасан тохиолдол байхгүй тул уг мэдээлэл худал байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document