Жүжигчин Т.Бархүүгийн гэр бүлийн нэрийг ашиглан “бэлэг тараана” гэх хуурамч мэдээллээр 8000 гаруй шэйр аваад байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #532

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Олны танил жүжигчдийн зургуудыг байршуулан, төрөл бүрийн бэлэг, мөнгө тараана гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Бусдын өмнөөс дүр эсгэж олон нийтийн анхаарлыг татан, хууран мэхэлж, өөрийн пэйжийн хандалтыг өсгөсөн байна.

“Хосын жор хуудас” нэртэй пэйж 05 дугаар сарын 13-наас эхлэн азтан тодруулж бэлэг тараана гэх агуулга бүхий постуудыг олон удаагийн давтамжтай оруулсаар байна. Тус постуудад олны танил жүжигчид болох И.Одончимэг, Т.Бархүү болон тэдний охин Б.Сундари нарын зургуудыг ашигласан байх бөгөөд постууд нь дараах байдлаар хандалт авжээ.

05 дугаар сарын 13-нд оруулсан:
10 хүнд 500’000₮ өгнө. Манай пэйжид лайк дарж, энэ постыг хуваалцах ёстой” гэх пост 1.9 мянган реакц, 528 сэтгэгдэл, 2.9 мянган шэйр
Манай пэйжийг 10,000 лайктай болгоход оролцсон хүн болгонд гарын бэлэг өгнө” гэх пост 731 реакц, 238 сэтгэгдэл, 348 шэйр
Хүүхдийн баяраар Aqua машин бэлэглэнэ гэх пост” 1.6 мянган реакц, 1.1 мянган сэтгэгдэл, 921 шэйр авсан байна.

05 дугаар сарын 14-нд оруулсан:
Нэг хүнд Iphone 14 өгнө. Мөн хэд, хэдэн хүнд 300’000₮ өгнө” гэх пост 963 реакц, 393 сэтгэгдэл, 2.9 мянган шэйр
10 хүнд 5 сая төгрөг болон Iphone 14 утас тараана” гэх пост 993 реакц, 445 сэтгэгдэл, 917 шэйр авсан байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Эх сурвалжийг шалгаж заншаарай

Та өөрийн News Feed дээр гарч ирж буй бэлэг тараана, хүүгүй зээл, буцалтгүй санхүүжилт зэрэг мэдээллүүдэд хартай байж, тухайн постыг нийтэлсэн хэрэглэгчийн хаягийг заавал шалгаж заншаарай. Эх сурвалжийг шалгалгүйгээр тухайн постыг шууд хуваалцах нь өөрийн болон бусдын мэдээллийн орчин дахь хуурамч мэдээллийг улам олшруулж, хэрэглэгчдийг мэхлэх хүсэлтэй этгээдэд хандалт цуглуулж өгөх эрсдэлтэй.

Бидний шалгаж буй мэдээллийн хувьд нийтэлсэн эх сурвалж нь пэйж байна. Иймд бид хамгийн түрүүнд page transparency буюу пэйжийн ил, тод мэдээллийг харах нь зүйтэй.

Ингэхдээ:

  1. Пэйжийн “About” цэсэн дээр дарж орно.
  2. Page transparency буюу пэйжийн ил тод байдал гэх мэдээллийг орж үзнэ.
  3. See all буюу бүгдийг харах цэсийг сонгосноор нээлттэй байршуулсан мэдээллүүдийг нь харах боломжтой

Зааврын дагуу орж харснаар бид уг пэйжийг 2020 оны 09 дүгээр сарын 02-нд үүсгэсэн, пэйжийн гол зохицуулагч нь Арабын Нэгдсэн Эмират улсад байршилтэй зэрэг мэдээллийг авлаа.

Пэйжийн ил тод хэсгээс авсан мэдээллээс харахад шалгаж буй постуудад зургийг нь хавсаргасан алдартнууд өөрсдөө уг пэйжийг ажиллуулдаг гэж дүгнэхэд бэрх байна. Иймд тухайн жүжигчдийн тус, тусын цахим хаягийг шалгаж, үнэхээр урамшуулал зарласан эсэхийг нягтлах нь зөв. Хэрэв уг урамшуулал үнэн бол энэ урамшууллаа өөрсдийн хувийн хаягаараа нэмж идэвхжүүлсэн, худал бол өөрсдийн хаягаараа худал болохыг анхааруулсан байх магадлалтай. Facebook хайлтын хамгийн эхэнд гарч ирэх 222 мянган дагагчтай Odonchimeg хаяг дээр ямар нэг урамшууллын мэдээлэл байсангүй. Харин 374 мянган дагагчтай Turbat Barhuu хаяг дээр уг пэйжийн оруулсан постыг худал болохыг анхааруулсан байна.

Мөн, бид 05 дугаар сарын 15-ны өдөр жүжигчин Т.Бархүүтэй утсаар холбогдож тодруулахад, “Манай гэр бүл энэ пэйжтэй ямар нэг холбоо хамаарал байхгүй. Мөн бид ямар нэг бэлэг тараах, азтан шалгаруулах аян зохион байгуулаагүй” гэж хариулсан юм.

Хуурамч урамшуулал зарлах нь шинэ хаягуудын хандалтыг нэмэгдүүлдэг бөгөөд дараа дараагийн оруулах мэдээллийнх нь цар хүрээг тэлдэг тул хуурамч мэдээлэл түгээгчид энэ төрлийн арга ашиглах нь маш их. Иймд сэжигтэй санагдсан мэдээллүүддээ баримт шалгалт хийж, худал тохиолдолд тэднийг репортлох мөн манай төв лүү илгээх боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document