2023 оны 05 дугаар сарын 11-нд Taiz.mn нэртэй пэйжид “Гаднаасаа өөхгүй юм шиг харагдах авч хуваагаад үзтэл нөгөө л дүүргэлтийн гэмээр гахайн өөх нь байна аа байна. Өөхийг нь хайлуулаад гаргачих санаатай печинд хийчихэв ээ. 3-4 орчим минут болгоод гаргатал хатсан хар талх болоод гараад ирлээ. Хөөсөнцөр шиг хөнгөн, чимхэхээр үйрч бутарч байна. Чүдэнз зураад өгтөл мод адил шатаж байдаг шүү. Хүнсний томоохон үйлдвэрийн бүтээгдэхүүн. Бизнесийн нэр хүнд ярьдаг болохоор нь шошгыг нь одоохондоо авчихлаа. Эд үндэсний үйлдвэрлэл гэж юу хийгээд бид хоол гэж хор иддэг болж таараад байна уу, үгүй юу. Та нар маань ийм бүтээгдэхүүн байвал туршаад үз дээ. Печинд 3-4 минут болгоод л гаргаад ир. Хөөж томроод хөөсөнцөр шиг болж байна уу, шатаж байна уу, үз дээ. Эцэст нь хэлэхэд ийм бүтээгдэхүүн хийгээд хэрэглэсэн хүн нь аажмаар өвчилж хэдэн жилийн дараа эрүүл мэндээрээ, цаашилбал амь насаараа хохирвол хариуцлагыг нь хэн хүлээх вэ” гэх агуулгатай пост оруулж, хиамны зураг хавсаргасан нь 05 дугаар сарын 11-ний байдлаар 670 реакц, 218 сэтгэгдэл авч, 2.2 мянган удаа цааш хуваалцсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Зөвхөн хиам, зайдас гэлтгүй бүх төрлийн боловсруулсан махыг аль болох бага хэрэглэх нь зүйтэй
Шалгаж буй мэдээлэлд хиам, зайдас идэх нь эрүүл мэндэд аюул учруулж болох талаар дурджээ. Энэ тухай судлахад ДЭМБ-ын дэргэдэх Олон улсын хавдрын хяналтын байгууллагаас хиам, зайдас тэргүүтэй үйлдвэрийн аргаар боловсруулсан махнуудыг 1-р бүлгийн буюу хорт хавдар үүсгэгч бүтээгдэхүүн гэж ангилдаг байна.
Тайлбарт дурдсанаар:
“Хавдар үүсгэдгийг тогтоосон хангалттай баримт, нотолгоо бүрдсэн гэж үзсэн тохиолдолд 1-р бүлэгт оруулдаг. Бидний тогтоосноос боловсруулсан мах их хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Дэлхий даяар жилд 34,000 хүн боловсруулсан махны хэрэглээнээс үүдэн хорт хавдраар нас бардаг гэх судалгаа ч бий. Гэхдээ боловсруулсан махыг ямар хэмжээгээр хэрэглэснээр хорт хавдар үүсгэх боломжтойг одоог хүртэл тогтоогоогүй байна. Ийм учраас хэрэглэгчид аль болох үйлдвэрийн аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн бага хэрэглэхийг эрхэмлэх хэрэгтэй” гэсэн байна.
Цардуул болон тос агуулсан ямар ч бүтээгдэхүүн шатна
Энэтхэгийн Boom Media баримт шалгах төвийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны баримт шалгалтад иргэдийн дунд маш өндөр хандалт авсан нэгэн мэдээллийг шалгажээ. Тухайн үед цахим орчинд “Чипсийг галд барихад яг түлш шиг шатдаг”, “Шатдаг чипс хүний биед аюултай” зэрэг төөрөгдөл үүссэн ба иргэдэд яагаад чипс шатах нь хэвийн үзэгдэл болохыг мэргэжилтнүүд тайлбарласан байна. Тус тайлбар нь мөн л бидний шалгаж буй мэдээлэлд дурдсан хиам нь хайлаад, хөөсөнцөр шиг болсон гэх тохиолдолд ашиглаж болохуйц байв. Баримт шалгалтад:
“Мумбайн Химийн технологийн институтийн Хүнсний технологи, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, профессор Удаи Аннапурын хэлж буйгаар цардуулын агууламжтай бүтээгдэхүүнүүдийг халаах үед хуванцар материал хайлж байгаа юм шиг үзэгдэл ажиглагддаг юм байна. Нэг нь хүнсний бүтээгдэхүүн, нөгөөх нь синтетик материал хэдий ч цардуул болон хуванцрын аль, аль нь полимер нэгдэл тул халуунд үзүүлэх нөлөө нь ижилхэн ажээ. Мөн бид Энэтхэгийн Хүнсний аюулгүй байдал, стандартчиллын албанаас тодруулахад “Чипс 35 хувийн тослогтой. Иймд энэ хэмжээний тослог нь галаар үйлчлэхэд шатах нь ойлгомжтой. Тос болон цардуул агуулсан бүтээгдэхүүнүүд шатах нь хэвийн” гэх тайлбарыг өглөө” гэсэн байна.
Эш татсан баримт шалгалтад дурдсанчлан тос, цардуулын агууламжтай хүнсний бүтээгдэхүүн хуванцар мэт шатах, хайлах нь энгийн үзэгдэл ажээ. Баримт шалгалтын өмнө хэсэгт хиам, зайдасны өөх, тосны агууламж нь чипснийхтэй ойролцоо буюу 25-30 хувь байдгийг дурдсан. Харин хиам, зайдас нь цардуул агуулдаг болохыг “Махны шинжлэх ухаан” эрдэм шинжилгээний сэтгүүлд байршуулсан туршилтын тайланд дурджээ. Тус тайланд “Хиам, зайдсыг хийхдээ мах болон бусад амтлагч, өөх тосыг эмульсжуулж буюу зуурмаг болгодог. Энэ бэлдцийг бэхжүүлэх, барьцалдуулах зорилгоор төмсний, эрдэнэ шишийн цардуул хийдэг бөгөөд цардуулын хэмжээ ихэнх тохиолдолд 6 хүртэлх хувь, зарим тохиолдолд түүнээс ч их байж болно” гэсэн байна.
Хиам, зайдас нь өндөр температурт хөөж гадна хальсандаа багтахгүй задардаг
АНУ-д үйл ажиллагаа явуулдаг, мах, махан бүтээгдэхүүнийг боловсруулах зөвлөмж бэлтгэн гаргадаг Barbehow брэндийн вэбсайтад хиам, зайдсыг бэлтгэх үедээ хэрэглэгчдийн гаргадаг нийтлэг алдааг тайлбарласан мэдээлэл байршуулжээ. Тус нийтлэлд:
Хиам, зайдас нь төрөл бүрийн амтлагчаар амталж, тусгай хальсанд дүүргэж хийсэн махан бүтээгдэхүүн юм. Энгийн үед хиам, зайдасны хальсыг бага хэмээр халаах үед задардаггүй ч хэд, хэдэн нөхцөлд хагарч болно. Хиам, зайдас нь дотроо чийглэг байдаг нь тодорхой хэмжээгээр шингэн агуулж байгаа гэсэн үг. Харин усыг халаах үед уур гардаг гэдгийг хүн болгон мэднэ. Дүүргэж хийсэн хиам, зайдасны чийглэг ууршиж тэлснээр хальснаасаа хальж хөөдөг. Мөн халаах үед бүтээгдэхүүний орц, найрлагад орсон мах болон өөх ч хэлбэр дүрсээ өөрчилдөг. Нэг ёсондоо хальсных нь дотор их хэмжээний даралт үүсдэг гэж ойлгож болно. Үүнийг тооцоолж зарим үйлдвэрлэгчид хиам, зайдасны хальсанд тэлэх зай үлдээдэг. Хэрвээ хиам, зайдсыг хагалмааргүй байгаа бол халаах хэмээ маш сайн тохируулах хэрэгтэй. Хүмүүсийн хамгийн их хийдэг алдаа нь хиам, зайдсыг шууд өндөр хэмд шардаг. Энэ үед хальс задарч, доторх махан зуурмаг хөөх, хайлж урсах нь гарцаагүй” гэсэн байна.
Мөн л АНУ-д үйл ажиллагаа явуулдаг The Quiet Waters фермерийн аж ахуйн вэбсайтад хиам, зайдсыг хэт өндөр хэмд шууд халаах нь яаж нөлөөлөхийг тайлбарлахдаа “Хиам, зайдсыг өндөр хэмд халаавал хальснаасаа задарна. Мөн усны ууршилт явагдах учраас зайдас хатаж, хуурайшдаг. Дийлэнх тохиолдолд хиам, зайдасны агуулах тослогийн хэмжээ 25-30% байдаг нь маш их өөх, тостой гэсэн үг. Өндөр хэмд энэ өөх, тос нь хайлж урсах бөгөөд хиам, зайдас бүтцээ алдаж эвдэрдэг” гэсэн байна.