2023 оны 05 дугаар сарын 09-нд Б.Цог гэсэн хаягтай фэйсбүүк хэрэглэгч Японы парламентын гишүүн гэнэ шүү гэсэн гарчигтай постыг индэрийн ард зогсож эмэгтэйн зургуудын хамт постолсон. Тус постод ашигласан зураг нь японы жинхэнэ парламентын гишүүний зураг биш бөгөөд хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн зураг юм. Мөн дээрх зургууд нь фэйсбүүкт өөр хаягуудаар түгсэн байна (энд, энд бас энд).
Хэдийгээр постод ашигласан зургуудыг энгийн нүдээр харахад хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн гэх шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа боловч reverse image search хэрэглүүрээр хайж үзэхэд өмнө нь өөр хаягуудаар оруулсан мэдээлэл дунд эх сурвалжийг олж болохоор байна.
Тодруулбал, тус зургуудыг 2023 оны 04 дүгээр сарын 26-нд твиттерт @AIkawa_AIko_jp2 гэсэн хаягтай хэрэглэгч анх жиргэсэн ба Японд байрлалтай тус хэрэглэгч нь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн зургуудыг тогтмол түгээдэг байна. Тэрээр япон хэл дээр “том хөхтэй улс төрч” (お題箱のリクエスト> 巨乳政治家) гэсэн командаар дараах зургуудыг гаргаж ирсэн гэдгээ анх постолсон жиргээндээ мэдэгдсэн байна.
Бид өмнө нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургуудад баримт шалгалт хийж байсан бөгөөд ийм төрлийн зургуудад дүрслэгдсэн хүмүүс гартаа таваас олон хуруутай байх, хөл, гарны хэмжээ жижиг байх мөн нүд, шүд, царай гэх мэт эрхтэнүүд нь гажсан, тэгш хэмжгүй байх гэх мэт ердийн бус таних тэмдэгүүдийг агуулдаг.
Гэхдээ сүүлийн үед хиймэл оюун ухааны Midjourney, DALL-E зэрэг программуудын шинэчлэгдсэн хувилбарууд нь энэ алдааг зассан буюу хуруу нь жирийн хүнийхтэй адил эсвэл гарыг огт гаргахгүйгээр команд өгч зураг гаргаж байгаа юм.
Хэрвээ дээр дурдсан шинж тэмдгүүд ил биш, танигдахгүй тохиолдолд Google зэрэг хайлтын системд зургаар хайх (reverse image search) буюу тухайн зураг нь онлайн орчинд өөр хаана байршсаныг шалгаж үзэх боломжтой. Ингэснээр тухайн зургийг хамгийн анх ямар хаяг, ямар зорилгоор нийтэлж, түгээсэн гэдгийг нь мэдэж болох юм.
Google компани хэрэглэгчиддээ хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн зургуудыг таних боломжийг илүү хялбар болгох зорилгоор шинэ хэрэглүүрийг (About this image) энэ зун танилцуулахаар төлөвлөж байгаа аж. Үүнийг ашиглан тухайн зураг болон ижил төстэй зурагнууд хэзээ анх Google дээр бүртгэгдсэн, ямар платформд нийтлэгдэж байсан зэргийг мэдэх боломжтой болох юм.