2021 оны гуравдугаар сарын 1-нд “Залуусын фитнесст явах 2 сарын төлбөрийг төрөөс даана гэв” гэх нэртэй нийтлэл цахим орчинд тархан хүмүүст эргэлзээ төрүүлээд байгаа билээ. Уг мэдээг нийтэлсэн Yazguur.mn сайтын Фейсбүүк пейжид хуваалцсан холбоосыг 12 удаа хуваалцаж, зургаан сэтгэгдэл үлдээн, 14 реакц даржээ. Гэвч тус сайтаар зочлох холбоосыг 2021 оны гуравдугаар сарын 2-ны 11:00 цагийн байдлаар хандалт хийх, агуулгыг харах боломжгүй болгосон байв. /түгээсэн байдлыг зургаас харна уу/.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Засгийн газраас батлагдсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд дурдсанаар залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500,000 төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. /Дэлгэрэнгүйг хавсралтад оруулсан холбоосоор орж
харна уу/
2. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа гуравдугаар сарын 2-ны өдөр өөрийн Facebook хуудсанд энэ талаар дараах албан ёсны тайлбарыг нийтэлжээ.
“Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэж худлаа. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах дунд хугацааны хөтөлбөрт зориулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа болно” гэжээ.
Мөн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг дээрх утгаар тайлбар өгсөн байна.