Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр бүртгэх 1961 оны санал хураалтад Хятад оролцоогүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #529

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“1961 онд Монгол улс НҮБ-ийн бүрэн эрхт улс болоход Хятад улс ганцаараа эсэргүүцэж, эсрэг санал өгсөн” гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

1961 оны санал хураалтад Хятад улс оролцоогүй бөгөөд мэдээлэлд ашигласан зураг нь 1955 оны зураг байна. Зурагт харагдаж буй хүн нь тухайн үеийн БНХУ буюу одоогийн Тайванийн төлөөлөгч юм.

2023 оны 05 дугаар сарын 07-нд Мягмарын Тэгшжаргал нэртэй хэрэглэгч “1961 онд Монгол улс НҮБ-ийн бүрэн эрхт улс болоход Хятад улс ганцаараа эсэргүүцэж, эсрэг санал өгч байгаа энэ үйлдлийг нь Монгол хүн та хэзээ ч бүү март. Залуус бид үндэсний үзлийг орхих учиргүй” гэх бичвэр бүхий зургийг оруулсан нь 44 реакц, 11 сэтгэгдэл авч, 206 удаа цааш хуваалцсан байна. Мөн тус постыг Босоо хөх Монголчуудын нэгдэл нэртэй бүлгэмд хуваалцаж 125 реакц, 26 сэтгэгдэл, 112 удаа цааш түгээжээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Тайлбар:

  1. Тухайн үед Монгол Улсыг гишүүн орноор бүртгээгүй байсан тул “Ар Монгол” гэх нэршлээр НҮБ-ын баримт бичигт үлдээсэн байна.
  2. Хятад улс гэдэг нь тухайн үеийн Бүгд Найрамдах Хятад Улс буюу одоогийн Тайванийг хэлжээ. Харин одоогийн манай өмнөд хөрш БНХАУ нь 1971 оноос НҮБ-ын Ерөнхий ассамбелейн гишүүн болсон байна.
  3. Ашигласан зурагт 1961 онд Монгол Улс НҮБ-ын гишүүн болох үеийнх бус, 1955 оны үйл явдлыг өгүүлжээ.
  4. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улс эсрэг санал өгч, хориг тавьсан бол тухайн саналд хичнээн гишүүн дэмжсэнээс үл хамааран унадаг байна.

1. 1961 онд Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр баталсан санал хураалтад Аюулгүйн зөвлөлийн 11 гишүүн орны 9 нь дэмжиж, 1 нь түдгэлзэж, 1 нь оролцоогүй

НҮБ-ын цахим архиваас хурлын протокол, баталсан тогтоолын төслүүдтэй танилцах боломжтой.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1961 оны 10 дугаар сарын 25-ны 971 дугаар хурлаар Ар Монголыг /НҮБ-ын баримт бичигт тэмдэглэснээр/ НҮБ-ын гишүүнээр бүртгэх эсэх санал хураалт өрнөжээ. Тус хуралд Аюулгүйн зөвлөлийн тухайн үеийн байнгын 5 орон болох АНУ, Франц, Хятад, Зөвлөлт Холбоот Улс, Их Британи Умард Ирландын Хаант Улс болон байнгын бус 6 орон буюу Чили, Эквадор, Цейлон, Либери, Турк, Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс оролцсон байна. Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр бүртгэх эсэх санал хураалтад АНУ түдгэлзэж, Хятад оролцохоос татгалзаж, бусад 9 орон дэмжиж санал өгснөөр БНМАУ нь НҮБ-ын гишүүн орон болж, олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн юм.

2. Ашигласан зураг нь Монгол Улсыг НҮБ-ын гишүүн болох үе буюу 1961 оных биш, харин 1955 оны зураг байна.

Шалгаж буй мэдээлэлд ашигласан зургийг Google Reverse image search хэрэглүүр ашиглан хайхад АНУ-ын Холбооны хэвлэлийн 1955 оны зургийг архивласан илэрц гарч ирлээ. Уг архив дахь зургийн тайлбарыг дэлгэрүүлэн хүргэе.

-1955 онд АНУ-аас 18 улсыг НҮБ-д бүртгэх багц санал оруулахад ЗХУ-ын зүгээс нэмэлтээр “Ар Монголыг гишүүн улсаар бүртгэх” санал өргөн барьсан байна. Гэтэл энэ санал хураалтад Бүгд Найрамдах Хятад Улсын /одоогийн Тайван/ төлөөлөгч Тинфу Циан гараа өргөн эсрэг санал өгч, хориг тавьжээ.

-Мөн энэ үед Япон улсыг НҮБ-д бүртгэх саналд ЗХУ-ын зүгээс хориг тавьсан байна.

-Ийнхүү хоёр улсын хоригт орсон “18 улсыг шинэ гишүүнээр батлах багц санал” унасан байна.

Зургийн тайлбарт: “Зүүн гар талд Бразилын төлөөлөгч Сайро дэ Фретас-Валл, баруун гар талд Францын төлөөлөгч Хэрв Алфанд. 1955 оны 12 дугаар сарын 13-нд” гэсэн байна.

Тус мэдээллийг баталгаажуулахаар НҮБ-ын цахим архиваас дахин хайхад Аюулгүйн Зөвлөлийн 1955 оны 12 дугаар сарын 13-ны 704 дүгээр хурлаар явуулсан Монголыг гишүүнээр бүртгэх эсэх санал хураалтад Бельги, АНУ 2 түдгэлзэж, 8 гишүүн дэмжиж, харин Хятадын төлөөлөгч Тинфу Циан эсэргүүцсэн байна. Хятад улс нь Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн нэг тул бусад гишүүд дэмжсэн санал өгснөөс үл хамааран тогтоолын төсөл унажээ.

НҮБ-ын түүхэн дэх онцгой үйл явдлын жагсаалтад дурдсанаар 1971 оны Ерөнхий Ассамблейн шийдвэрээр одоогийн Бүгд Найрамдах Хятад Ард Улс /өмнөд хөрш/ “Хятадын” гэх суудлыг залгамжилсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document