Ухаалаг утастай бол мөнгө олох боломжтой гэх мэдээллээс болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #528

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Буцааж төлөхгүйгээр 800,000 төгрөг авна гэвэл та итгэх үү? ОУ тусламж цаана чинь тараагдаад дуусаж байна” гэсэн мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Олон улсын тусламжийг Facebook-т зар оруулаад, чатаар хандсан хүн бүрт олгодог систем Монголд байхгүй.

2023 оны 05 дугаар сарын 9-нд “Ebarimt.mn зөвлөгөө” нэртэй нээлттэй группэд /бүлгэмд/ Buya Buya нэртэй хаягаас “надад мессеж илгээгээрэй” гэсэн тайлбартай, “Буцааж төлөхгүйгээр 800,000 төгрөг авна гэвэл та итгэх үү? ОУ тусламж цаана чинь тараагдаад дуусаж байна. ОК гэж бичээрэй” гэсэн үгийг мөнгөн дэвсгэртийн зураг дээр байрлуулсан зурагтай пост оруулсан байна. Энэ постод 139 сэтгэгдэл бичсэн ба ихэнх нь зээл авахыг хүсэж ОК гэсэн бол “худалчаа мөнгөө авъя”, “түрүү сард би зээл авах гэсэн чинь 200 мянган төгрөг төл гэсэн”, “300 мянгыг төл гэсэн учраас би зээл авч чадаагүй” гэх мэтээр бичсэн байна.

Олон улсын тусламж, мөнгө олох хялбар арга гэх мэтээр анхаарал татаж, “зөвхөн чатаар” харилцах нь хуурамч мэдээллийн гол шинжүүдийн нэг тул энэ төрлийн мэдээллийг хэрхэн нягталж болохыг мэдэж аваарай.

FACTCHECK: Дараах байдлаар нягтлаарай.

Хаягийг нягтлах

Buya Buya гэсэн хаяг дээр дарж ороход “Ebarimt.mn зөвлөгөө” группэд оруулж байсан мэдээллүүд нь гарч ирнэ. “Ухаалаг утас эсвэл компьютер дээрээ онлайнаар өдөрт 1 даалгавраас 5 даалгаврыг гүйцэтгэнэ: нэг ажил бүрээс 800,000.00 төгрөг олох боломжтой. Шуурхай төлбөр. “ажил” гэж бичих” гэсэн пост оруулж байсан, мөн “Хаан банкинд данстай, интернэттэй бол долоо хоног бүр 3,209,000.00 төгрөг. насны хязгаар 25-70. Чатаар холбогдож мэдээлэл аваарай” гэж оруулж байжээ.

Тэгэхээр энэ хүн ийм их хэмжээний мөнгийг олгодог ямар ажил эрхэлдэг, ямар хүн болохыг сонирхцгооё. Ингэхдээ хаягийн хэсэгт харагдах … /гурван цэг/ дээр дарж, view main profile гэснийг дарж ороорой.

Үндсэн хаяг руу нь орж үзэхэд 2012 онд нээж, өөрөө хаягаа хөтөлж, мэдээллээ хуваалцдаг байснаа 2021 оны 01 дүгээр сараас хойш өөрийн гэсэн постгүй, хуваалцсан мэдээллээр нүүр хуудсаа дүүргэжээ. Мөн “Ebarimt.mn зөвлөгөө” группэд л гэхэд 2022 оны 11 дүгээр сараас хойш цахим залилан хийх оролдлого байх боломжтой хуурамч мэдээллүүд оруулж ирсэн байна.

Эдгээр шинж нь дээрх хүн хаягаа алдсан байх магадлалыг харуулж байна.

Мөн энэ хаягт ямар нэг мөнгө тараадаг, ажил эрхлүүлдэг гэх бизнесийн талаарх ямар ч мэдээлэл оруулаагүй байна.

Тэгвэл ямар хаягаар олон улсын тусламж тарааж байгаа, өндөр цалинтай ажил санал болгож байгаа бол итгэж болох вэ?

Олон улсын тусламжийг Facebook-т зар оруулаад, чатаар хандсан хүн бүрт олгодог систем Монголд байхгүй. Гадаад улстай харилцаж, зээл тусламж авах бол хамгийн түрүүнд Засгийн газар, яамд, хэрэгжүүлэгч агентлагууд, төрийн байгууллагууд, цаашлаад хувийн хэвшил гадаад харилцааныхаа шугамаар шийдвэрлэнэ. Түүнийг хэрхэн зарцуулах тухай төсөл, мэдээлэл нь ихэвчлэн нээлттэй байдаг. Тэгэхээр холбоо барих дугаар, хаяг байршил, албан ёсны сайт, бусад мэдээллээ нээлттэй оруулсан, хаягаа хөтөлсөн түүх дунд нь зээл тусламжийн талаарх мэдээ байнга оруулсан хаягуудад тусламжийн талаарх мэдээлэл байвал утасны дугаараар нь холбогдоод асууж, лавлаж байгаарай.

Харин хэн нэгний хаягаар “олон улсын тусламжаас хоцрохгүйн тулд чат бич, эсвэл бүртгүүл” гэсэн байвал та бүхэн хуурамч мэдээллээр хохироох эрсдэл байна гэж ойлгоорой.

Түүнчлэн ухаалаг утас, компьютертэй байхад л ганцхан даалгавар гүйцэтгээд 800,000 төгрөгийг авна гэдэг мэдээлэлд итгэх боломжгүйг энгийн логик сэтгэлгээгээр бодож үзээрэй. Хэрэв сонирхоод чат бичиж үзмээр байгаа бол хувийн мэдээллээ өгөхгүй, эхэлж мөнгө шилжүүлэхгүй, ямар нэг холбоос дээр дарж орохгүйгээр өөрийгөө эрсдлээс хамгаалдаг байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document