Цахим хэрэглэгчид facebook хаягаа алдчихсан, хакердуулсан гэж их ярьдаг ч ихэнх тохиолдолд хаягаа алдсан шалтгаан нь гадны этгээдийн шууд халдлага биш харин хэрэглэгчдийн өөрсдийнх нь анхаарал, болгоомжгүй үйлдэл байдаг. Мэдээлэлд илүү хянамгай байж, хаягийнхаа аюулгүй байдлыг хэрхэн хамгаалахыг энэхүү баримт шалгалтаас уншаарай.
2023 оны 05 дугаар сарын 01-нд Page’Violations Emergency News-2023 нэртэй пэйжид “Таны пэйжээс зөрчил илэрлээ” гэх гарчигтай постуудыг оруулж 80 гаруй пэйжийг дурджээ. Постын бичвэрийг англи хэлээр бичсэн байх ба орчуулбал:
“Бид Метагийн нууцлалын бодлого, мөн үйлчилгээний нөхцлийг сайжруулахаар тогтмол шинэчлэл хийдэг. Таны пэйжийг манай үйлчилгээний нөхцөл, заалтуудыг зөрчсөн гэх гомдол ирсэн тул түр хугацаагаар идэвхгүй болгож байна. Та хэн нэгний хуурамч зураг эсвэл мийм ашигласан, бусдыг төөрөгдүүлсэн контент түгээсэн, бусдыг доромжилсон байж болзошгүй байна. Хэрвээ та энэ мэдэгдлийг алдаа гэж үзвэл доорх холбоосоор орж хаягаа баталгаажуулна уу” гээд домайн холбоос хавсаргажээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Эх сурвалжийн найдвартай байдлыг шалгах нь
Танд айдас үүсгэж, үйлдэл хийхэд яаруулсан уг пэйж баталгаажсан тэмдэггүй, мөн нэр нь алдаатай, ямар ч дагагчгүй байна. Эх сурвалжийн нэр эсвэл нийтэлсэн бичвэр нь үг, үсэг, найруулгын алдаатай байх нь хуурамч мэдээллийн нэг шинж тэмдэг юм. Иймд уг пэйж нь итгэж болох эх сурвалжийн хамгийн энгийн шинжүүдийг ч хангахгүй байна.
Пэйжийн тухай мэдээллийг харъя гэвэл та пэйжийн нээлттэй мэдээллийн цэсийг үзээрэй.
Уг пэйжийг 04 дүгээр сарын 30-нд үүсгэсэн байна. Facebook-ийг төлөөлөх ямар ч мэдээлэл байхгүй, эх сурвалжийн найдвартай байдлыг хангаагүй, шинэ пэйжээс таны пэйжийг хаана гэх мэдэгдэл явуулсан тул хавсаргасан холбоос дээр нь дарахгүй байх нь зөв юм.
Хэрэв таны пэйж ямар нэг зөрчил гаргасан эсэхийг шалгахыг хүсвэл Page Quality /Пэйжийн чанарын үзүүлэлт/ хэсгээс хараарай. Тус үзүүлэлтийг тухайн пэйжид бүртгэлтэй хаягууд харж болох ба пэйжид хамаарах:
– Олон нийтийн дүрэм, журмын зөрчил
– Таны контентыг баримт шалгагчид үнэлсэн тохиолдолд
– Оюуны өмчийн эрхийн зөрчил
– Аюултай холбоос хавсаргасан зөрчил
– Хэт олон гаднын эх сурвалжаас мэдээлэл хуваалцсан зөрчил
– Хуурамч ажлын зар байршуулсан зөрчил зэргийг харах боломжтой. Иймд та гаднын ямар нэг холбоос дээр дарж мэдэгдлийг харах, хариу үйлдэл үзүүлэх шаардлагагүй. Тухайн холбоосын өргөтгөлд fb.com, facebook.com гэж байхгүй бол бүү дараарай. Дарж орсноор таны хаягийн аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй.
2. Facebook компанийн зүгээс хавсаргасан холбоос дээр дарахгүй байхыг анхааруулжээ
IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн NewsMobile төв бидний шалгаж буй мэдээлэлтэй ижил мэдээлэлд баримт шалгалт хийж 2021 оны 08 дугаар сарын 07-нд тайлагнасан байна. Тус баримт шалгалтад Facebook-тэй холбогдож, уг хуурамч мэдээллийн талаар тодруулахад:
“Та бүхний шалгаж буй холбоос нь сэжигтэй холбоос байна. Иймд дарж орох хэрэггүй. Энэ пост нь хуурамч бөгөөд хавсаргасан холбоос нь ямар нэг байдлаар Facebook-тэй хамааралгүй” гэж хариулжээ.
Facebook платформд танд хэрхэн мэдэгдэл илгээдэг вэ?
Facebook нь танд шууд, цахим шуудангаар, зурвасаар гэсэн 3 төрлийн мэдэгдэл хүргүүлдэг.
- Шууд буюу аппликейшний дотоод мэдэгдэл илгээсэн тохиолдолд хэдэн мэдэгдэл ирснээс хамаараад таны төхөөрөмж дээр шууд харагдана.
- Таны хаягтай холбосон цахим шуудангийн хаягаар мэдэгдэл илгээж болдог. Гэхдээ зөвхөн @facebookmail.com эсвэл @metamail.com төгсгөлтэй хаягуудаар илгээдэг.
- Бүртгэлтэй утасны дугаарт чинь зурвас илгээнэ. Таны утсан дээр бүртгэлгүй байсан ч зурвас илгээгчийн нэр нь автоматаар FACEBOOK гэж харагддаг.
Аль ч төрлийн мэдэгдэл байсан бусад хүмүүст хамааралгүй зөвхөн таны хаяг, таны гаргасан гомдол эсвэл зөрчилтэй холбоотой мэдэгдэл байх тул агуулгыг нь бусадтай хуваалцаж болохгүй. Мөн бусдыг энэ төрлийн хуурамч мэдээллийн хохирогч болохоос сэргийлж постыг report хийгээрэй.