Сармисаар нурууны өвчинг эмчилдэг нь батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #523

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ууц нуруугаар нь өвддөг хүмүүс сармис хэрэглээрэй” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Хэдийгээр саримс нь антиоксидант, үрэвсэл, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй гэх мэт эрүүл мэндийн олон ач холбогдолтой боловч энэ нь тодорхойгүй нурууны өвчнийг эмчлэхгүй юм.

2023 оны 01 дүгээр сарын 26-нд ehoron.club вэб сайт “Ууц нуруугаар нь өвддөг хүмүүс сармис хэрэглээрэй” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлснийг Zulaa zul гэх пэйжид нийт 30 удаа дахин оруулж, 1631 хариу үйлдэл цуглуулаад байна. Хамгийн сүүлд 04 дүгээр сарын Аавдаа би хайртай, Эрүүл нийгмийг дэмжигчид зэрэг пэйжид сэргээн оруулсан байна.

Тус мэдээлэлд сармисны янз бүрийн эрүүл мэндийн ач холбогдлыг тайлбарлан бичсэн ба “Ууц нуруугаар нь өвддөг хүмүүс 3-4 хумс сармисыг үрүүлээр үрж жижиглэн самбай даавуунд боогоод сармисны шүүсэнд норсон уг даавуугаараа орой унтахын өмнө ууцаа үрж арчина. Нэг удаагийн курс эмчилгээ 10 хоног бөгөөд биеийн байдлаас хамааран 10 хоног эмчилж болно” гэж мэдээлжээ.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Бидний шалгасан мэдээлэлд нурууны ямар нэг өвчнийг тодотгоогүй бөгөөд өвчний шалтгааныг тодорхойлохгүйгээр гар доорх хүнсний бүтээгдэхүүний батлагдаагүй үйлчилгээнд найдах нь тухайн өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй юм. 

Нурууны өвдөлтийг нурууны дунд, дээд, доод хэсэг дэх өвдөлт болон булчингийн хэт ачаалал, ясны сийрэгжилт, үе мөчний үрэвсэл, элэг, бөөр, нойр булчирхайн өвчлөл гэх мэт олон шалтгаанаар нь ангилдаг болохыг АНУ-ын Клийвландын клиникийн вэб сайтад мэдээлсэн байна.

Дээрх шинж тэмдэгийг үндэслэн рентген, MRI эсвэл СТ, цус, мэдрэлийн шинжилгээгээр өвчний шалтгааныг тогтоох шаардлагатай бөгөөд эмчилгээний төрөл нь өвчлөлөөс шалтгаалан өвчин намдаагч эм, физик эмчилгээ, хагалгаа зэрэг олон хэлбэрийн эмчилгээ байж болдог байна.

Сармисаар нурууны өвдөлтийг эмчлэх арга нь батлагдсан эмчилгээ биш юм. Хэдийгээр саримс нь антиоксидант, үрэвсэл, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй гэх мэт эрүүл мэндийн олон ач холбогдолтой боловч энэ нь тодорхойгүй нурууны өвчнийг эмчлэхгүй юм. Америкийн Ревматологийн Коллежийн (American College of Rheumatology) мэдээлснээр байгалийн гаралтай, ургамлын бүтээгдэхүүнээр үе мөчний үрэвсэл эмчлэх тухай “интернэт, сошиал медиад байдаг олон нийтэд байгаа ил мэдээллүүд харамсалтай нь төөрөгдүүлсэн байж болно. Эдгээр нь нийтлэг эмчилгээ болох Хүнс, эмийн агентлагийн (Food and Drug Administration) шинжлэх ухааны баримтад тулгуурласан шаардлагад нийцээгүй байдаг” гэдгийг онцолсон байна.

Хэрвээ таны нуруу байнга өвддөг бол мэргэжлийн эмчид хандан, зохих эмчилгээний зөвлөмжийг авч эмчлүүлэх шаардлагатай юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check document