Унтахын өмны зөгийн балтай бүлээн сүү уух нь нойрыг дэмждэг болох нь үнэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #521

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Шөнө нойр хүрэхгүй байвал зөгийн балтай сүү уух аргыг хэрэглээрэй гэх мэдээлэл оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Сүү, зөгийн баланд агуулагддаг триптофан амин хүчил нь сератонин, мелатонин дааврыг нэмэгдүүлдэг бөгөөд хүнийг тайван нойрсоход нөлөөлдөг байна.

“Нархан – Гэрэлт ирээдүйг хамтдаа” нэртэй пэйжэд 2022 оны 01 дүгээр сарын 02-ноос эхлэн  “Унтаж амрах цагаар НОЙР нь хүрэхгүй хөрвөөгөөд байвал энэ аргыг хэрэглээрэй” гэсэн тайлбартай постыг narkhan.me сайт руу орж унших байдлаар хавсарган оруулж буй бөгөөд хамгийн сүүлд 04 дүээр сарын 29-нд оруулжээ. Тухайн мэдээллийн хандалтыг CrowdTangle хэрэглүүрээр шалгахад 04 дүгээр сарын 30-ны байдлаар 674 реакц, 23 сэтгэгдэл авч, 1742 удаа цааш түгээгджээ.

Тус мэдээлэлд “Хэрэв та орой унтахдаа нойргүйдэл хэмээх асуудалтай нүүр тулдаг бол, доорх маш энгийн бөгөөд өндөр үр дүнтэй аргыг хэрэглээд үзээрэй. Нэг аяга сүүгээ халаагаад дэрээс нь зөгийн бал, ваниллын охийг нэмж сайтар хутган орой унтахаас өмнө уугаарай. Зөгийн бал хүний тархин дахь триптофан буюу амин хүчлийг чөлөөтэй эргэлдэхэд тусалдаг учраас эрүүл мэндэд сайн гэж үздэг. Мөн цаашлаад зөгийн баланд агуулагддаг серотонин хүний биеийг бүхэлд нь тайвшруулах нөлөө үзүүлдэг ажээ.” хэмээсэн байна. 

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийв

Сүү тэр дундаа зөгийн балтай сүү нь сайн нойрсоход тусалдаг эсэх агуулгыг судалгаанд тулгуурлан мэдээлдэг олон улсын баталгаат эх сурвалжуудаас хайн судаллаа. Тодруулбал, АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институт болон нойртой холбоотой мэдээллийн олон улсын баталгаат эх сурвалж болдог Нойрны сан /sleepfoundation.org/-гийн албан ёсны сайтуудад орсон нийтлэлүүдээс тухайн агуулгаар хайж, баримт шалгалаа. 

1. Үндэсний эрүүл мэндийн институтийн албан ёсны сайтад зөгийн балтай сүүтэй холбоотой нэгэн судалгааны тайланг нийтэлсэн байна. Тодруулбал, зөгийн балтай сүү өвчтөнүүдийн нойронд нөлөөлөх эсэхийг судлахаар Иран улсын нэгэн эмнэлгийн зурхний тасгийн 68 өвчтөнд эмнэл зүйн туршилт хийжээ. Тус туршилтаар 3 хоногийн турш зөгийн балтай бүлээн сүү уусан өвчтөнүүдийн нойр сайжирсан дүн гарсан төдийгүй энэхүү аргыг зүрхний титэм судасны өвчтэй хүмүүст хэрэглэх нь үр дүнтэй болохыг мөн дурдсан байна.

2. Нойрны сан /SleepFoundation/-гийн албан ёсны сайтад нойрсоход бүлээн сүү тустай болохыг тайлбарласан нийтлэлийг мөн оруулжээ. Унтахын өмнө бүлээн сүү уух нь нойронд сайн болохыг энд дурдаад, дээрх судалгааны тайланг мөн хавсаргажээ. Түүнчлэн 65-аас дээш насны хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар сүү их ууж, дасгал хөдөлгөөн сайн хийдэг хүмүүс илүү сайн нойрсдог болохыг мэдээлжээ

3. Сүү, зөгийн бал нойрыг дэмждэг шалтгаан
Сүү, зөгийн баланд триптофан гэх амин хүчил агуулагддаг байна. Ийм хүчлээр баялаг хоол хүнс нь нойр, сэтгэл санааг дэмждэг. Учир нь триптофан нь серотонин, мелатонин дааврыг үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Серотонин даавар нь сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн сэтгэхүй, ой санамжид нөлөөлдөг бол мелатонин нь шөнийн гүн нойр, чанартай нойр авахад нөлөөлдөг шөнийн цагт ялгардаг даавар юм. Иймээс триптофан агуулсан хүнс болох сүү, зөгийн балыг унтахынхаа өмнө хамтад нь хэрэглэснээр нойрыг дэмжиж, сайн унтахад нөлөөлдөг аж.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document