Мангоны навчаар чихрийн шижин өвчнийг эмчилдэг нь батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #519

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Чихрийн шижин өвчнийг 2 сарын дотор эдгээх жор” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мангоны навчийг чихрийн шижин өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэхийг зөвлөдөггүй бөгөөд энэ талаар батлан дүгнэсэн судалгаа байхгүй байна.

2023 оны 04 дүгээр сарын 27-нд Монгод хадагтай гоо брэнд фэйсбүүк хуудас “Чихрийн шижин өвчнийг 2 сарын дотор эдгээх жор” гэсэн гарчигтай мэдээллийг нийтэлсэн. Энэ мэдээлэлд чихрийн шижин өвчнийг эмчлэхэд “ердөө л манго жимсний навч хэрэгтэй юм” гээд мангоны навчийг усанд буцалган хандлаад хандыг нь 2-3 сар хэрэглэхэд эдгэх тухай зөвлөсөн байна.

Түүнчлэн энэ жорын гол найрлага болох мангоны навчийг халуурах, ханиад хүрэх, нойргүйдэх, суулгах, судас бүдүүрэх, астма, бронхитын үед хэрэглэж болохыг онцолжээ. Энэ мэдээлэл нь xemnel.com гэх вэб сайтад анх нийтлэгдэн 04 дүгээр сарын 30-ны байдлаар 629 реакц, 89 коммент, 2,208 удаа цааш түгээгдсэн болохыг Crowdtangle хэрэглүүрийн мэдээлэлд тэмдэглэгдсэн байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Чихрийн шижин өвчин нь нойр булчирхай хангалттай инсулин ялгаруулж чадахгүй үед, эсвэл инсулин ялгаруулдаг эсүүд нь дархлааны өвчнөөс шалтгаалан устсан тохиолдолд үүсдэг байна. Энэ өвчний үед цангах, ойр ойрхон шээс хүрэх, хараа муудах, ядрах, арьсан дээрх шарх удаан эдгэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Тус өвчнийг бүрэн эмчлэх эм одоогоор байхгүй бөгөөд зөвхөн өвчнийг зохицуулах буюу цусан дахь инсулины хэмжээг тогтвортой байлгах шаардлагатай байдаг. АНУ-ын Клийвландын клиникийн мэдээлснээр чихрийн шижин өвчний үед тухайн өвчтөний өвчлөлөөс хамаарч өөр өөр эм, хоол хүнсний дэглэм, дасгал хөдөлгөөнийг санал болгон эрүүл амьдралын хэв маягтай байхыг зөвлөдөг байна. 

Харин мангоны навчийг чихрийн шижин өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэхийг зөвлөдөггүй бөгөөд энэ талаар батлан дүгнэсэн судалгаа байхгүй байна. Хэдийгээр мангоны навчны эрүүл мэндийн ач холбогдлуудыг судалж, үүнд чихрийн шижин, хавдар, элэгний өвчин, суулгалт, астма гэх мэт өвчний үед тустай байж болох талаар дүгнэсэн судалгаанууд байдаг ч эдгээр нь шинжлэх ухаанаар батлагдаагүй, уламжлалт эмчилгээ эсвэл эсийн өсгөвөр, хулгана дээрх туршилтын үр дүнгүүд байгааг Манож Кумар (Manoj Kumar) нарын судлаачид мангоны навчны эрүүл мэндийн ач холбогдлын талаарх 2021 оны тойм судалгаандаа тэмдэглэжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэдээлснээр чихрийн шижин өвчний үед “эрүүл хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн, хэвийн жингээ барих, тамхинаас татгалзах”-ыг зөвлөн эрүүл амьдралын хэв маягтай байхыг онцолсон байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document