Витамин В17 нь хавдрын эмчилгээ биш бөгөөд цианидын хордлого үүсгэх эрсдэлтэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #518

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Амигдалин B17 нь жимс жимсгэнэ, самрууд болон хүнсний ногоонд агуулагддаг гликозид гэдэг бодисоос үүсдэг бөгөөд хорт хавдар үүсэх шалтгааныг устгах үйлдэлтэй байгалийн цэвэр антибиотик юм” гэсэн байна

Баримт шалгалтын үр дүн

Хэдийгээр энэ бодисыг “витамин В17” гэж нэрлэсэн ч энэ нь витамин гэж батлагдаагүй бөгөөд хүний биед витамин шиг нөлөө үзүүлдэггүй байна. Лаэтрил эсвэл амигдалины хэрэглээ ялангуяа амаар уусны дараа цианидаар хордох эрсдэлтэй.

2023 оны 04 дүгээр сарын 25-нд Mooshop гэх хаягтай фэйсбүүк хуудас “амигдалин B17 амин дэмийн дутагдалаас болж хорт хавдар үүсдэгийг дэлхийн шинжлэх ухаан тогтоосон” тухай мэдээлэл нийтлэн амигдалин B17 аминдэмийг худалдаж авахыг санал болгосон байна.

Тус постод тайлбарласнаар “амигдалин B17 нь жимс жимсгэнэ, самрууд болон хүнсний ногоонд агуулагддаг гликозид гэдэг бодисоос үүсдэг бөгөөд хорт хавдар үүсэх шалтгааныг устгах үйлдэлтэй байгалийн цэвэр антибиотик юм” гэсэн байна. Түүнчлэн постод хамт оруулсан зурагтаа хэрчсэн чангаанзын зургийг ашиглан “хавдрын эсрэг, хавдрыг устгагч аминдэм” хэмээн онцолсон байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Амигдалин буюу “витамин В17” гэх чангаанз болон бусад самар, үрэнд агууллагддаг бодис нь хавдрыг устгаддаггүй бөгөөд үүний дутагдлаас шалтаалан хавдар үүсдэг болох нь батлагдаагүй буюу энэ бодис нь хүний биед шаардагддаг талаар ямар нэг баримт байдаггүй байна.

“Витамин В17” нь хавдрыг устгадаг тухай худал мэдээлэл олон жилийн турш тархаж байгаа ба энэ мэдээллийг Africa Check, Snopes, Full Fact зэрэг баримт шалгах байгууллагууд болон хавдрын судалгааны байгууллагууд няцааж байсан юм. Түүнчлэн бид алимны үрэнд агуулагддаг ижил төрлийн бодис нь хавдар устгаддаггүй болохыг мэдээлж байсан.

Хавдрын судалгааны Cancer Research UK байгууллагын мэдээлснээр “витамин В17” буюу амигдалин гэх бодис нь түүхий самар, гашуун бүйлс, чангаанзны үр болон интоорын үрэнд агууллагдаг байна. Хэдийгээр энэ бодисыг “витамин В17” гэж нэрлэсэн ч энэ нь витамин гэж батлагдаагүй бөгөөд хүний биед витамин шиг нөлөө үзүүлдэггүй байна. 

Эсрэгээр үүний хэрэглээнээс шалтгаалан эрүүл мэндийн сөрөг үр дагаварууд гарах боломжтой байна. Тодруулбал, АНУ-ын хавдрын судалгааны тэргүүлэх байгууллагуудын нэг “Memorial Sloan Kettering” байгууллагын эм зүйч Саймон Юнгийн (K. Simon Yeung) мэдээлснээр “лаэтрил (амигдалин) нь хавдрын эсрэг үйлчилгээтэй гэдэг нь батлагдаагүй ба зарим өвчтөнд аюултай байж болно. Хэрвээ амигдалиныг хавдрын эсрэг хэрэглэх тохиолдол гарах бол энэ өөр хэлбэрээр байх болно учир нь амаар уух хэлбэр нь хортой мөн хэтэрхий аюултай” гэжээ. 

Лаэтрил (амигдалин) нь цианид агуулдаг учир цианид хэрэглэсэнтэй адилаар хордох эрсдэлтэй байдаг байна. Ийм хордлогын үед халуурах, толгой өвдөх, толгой эргэх, элэг гэмтэх, цусны даралт унах гэх олон шинж тэмдэг илэрдэг. 2015 онд Стефаниа Милаззо (Stefania Milazzo) нарын лаэтрил болон амигдалины хавдрын эсрэг нөлөөг тоймлон судалсан өгүүлэлд дүгнэснээр “лаэтрил эсвэл амигдалин нь хавдрын өвчтөнүүдэд эерэг нөлөөтэй болохыг дэмжсэн нарийн тодорхой клиник дата байхгүй. Лаэтрил эсвэл амигдалины хэрэглээ ялангуяа амаар уусны дараа цианидаар хордох эрсдэл бий” гэж онцолсон байна. 

“Витамин В17”-гийн синтетик хувилбар буюу хиймэлээр үйлдвэрлэсэн худалдааны бүтээгдэхүүн нь лаэтрил нэрээр худалдаалагддаг ба АНУ, Европын холбооны орнуудад  худалдаалахыг хориглосон бол амаар уудаг лаэтрилыг дэлхийн бусад оронд борлуулдаг байна. 
Cancer Research UK байгууллагын анхааруулснаар амигдалиныг “хавдрын эмчилгээ гэж олон вэб сайтууд сурталчилдаг. Гэхдээ хавдрын шинжлэх ухааны нэр хүндтэй ямар ч байгууллага дэмждэггүй. Интернет дэх ийм төрлийн мэдээлэлд итгэх эсвэл алтернатив хавдрын эмчилгээнд мөнгө төлөхөөс болгоомжлоорой” гэдгийг мэдэгдсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document