2023 оны 04 дүгээр сарын 29-нд Т. Нмк нэртэй хаягаас “yraltai zeel heregtei hvn bnu medeelel awah ni 1geed bicheerei” гэсэн тайлбартай, зээл авсан хүнтэй харилцсан гэж ойлгогдохоор чатны зургийн хамт оруулсан байна. Зурагт “зөндөө хүнд хулхидуулж байсан, баярлалаа 600к орсон” гэсэн нь пост оруулагч өөрийгөө “хулхидаагүй” нэгэн гэж харагдуулахыг хүссэн зохиомол түүхийг бүтээжээ.
Сэтгэгдэл хэсэгт бичсэн хэрэглэгчдийг чатаар харилцахыг санал болгож байгаа нь цахим луйврын шинж юм.
FACTCHECK: Дараах аргаар нягталж сураарай
Хаяг руу орж “тухай” /about/ гэх хэсгийг нь үзээрэй. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч, найдвартай зээлдэгч болохыг батлах мэдээлэл байхгүй байна. 2022 оны 03 дугаар сарын 1-нд үүсгэсэн, нэг дагагч, нэг лайктай Фабэрлик нэртэй ямар ч мэдээлэл оруулаагүй пэйжийн ахлах зөвлөх гэж өөрийгөө тодорхойлсон байна. Түүнчлэн 90213019 дугаарыг танилцуулга хэсэгтээ оруулсан ба холбогдох боломжгүй байна.
Зургийг шалгах
Чатаар харилцсан зургийг манай өмнөх баримт шалгалтад дурдсан цахим залилангийн сэдэлтэй хуурамч мэдээлэл оруулсан Т. Энхүүш гэх хаягаар мөн хэрэглэдэг байна.
Зээл авахыг хүсэж буй хүмүүст итгүүлэх зорилготой энэ мэт чат харилцааны зургийг бодит эсэхийг тусгай түүлээр нягтлах шаардлагагүй. Учир нь хуурамч хаяг хоорондоо чаталж, түүнийхээ зургийг авч байршуулдаг үзэгдэл түгээмэл байна.
Харин банкны дансны гүйлгээний мэдээллийг харуулсан зургуудад тоо болон утга хэсэгт эвлүүлэг хийснийг харах боломжтой. Банкны гүйлгээний зургийг томруулж үзэхэд тэдгээр хэсэгт өөр өнгийн суурь, эсвэл дутуу арилгасан тоо, бичгийн үлдэгдэл харагддаг.
Чатаар зээл авсан тухай элдэв зураг ашигласан залилагчийн түгээдэг мэдээлэлд итгэж болохгүй. Мөн та хариуцлагатай байж тухайн мэдээллийг репортлох боломжтой ба эх сурвалжид хавсаргасан холбоосоор нэвтэрч луйврын шинжтэй мэдээллийг репорт заавартай танилцах боломжтой.