2023 оны 04 дүгээр сарын 21-нд “Банкны хүүг бууруулах тэмцэлд нэгдэцгээе” нэртэй группэд Nandin Tenger гэх хэрэглэгчийн хаягаас “Гэртээ ажиллаж, өдөрт 4,500,000 төгрөг олоорой Messenger-ээр та бүхэн мэдээлэл аваарай” гэсэн пост оруулжээ. Мөн энэ хаягаас 04 дүгээр сарын 29-нд “Танд ХААН банк байгаа бол танд 5,000,000 төгрөгийн санал байна Сайн байна уу гэж хэлээрэй” гэсэн тайлбартай, мөнгөн дэвсгэртийн зурагтай пост оруулсан зэргээр өөр өөр агуулгатай хуурамч мэдээлэл оруулсаар байна.
FACTCHECK: Дараах байдлаар шалгаж сураарай
Хаягийг нягтлах
Амар хялбар аргаар мөнгө олох, бага хүүтэй, эсвэл хүүгүй зээл олгох, итгэмээргүй боломж гарсан гэх зэрэг агуулгатай мэдээлэлд зөвхөн чатаар харилцах нөхцөл тулгасан байдал нь хуурамч мэдээллийн шинж чанарууд юм.
Nandin Tenger гэх хаяг дээр дарж, зээл олгож, ажлын байраар хангах итгэлтэй хүн эсэхийг шалгах хэрэгтэй. Уг хаягт нүүр зургаа сольсон хэдэн постоос өөр нээлттэй тохиргоотой мэдээлэл оруулаагүй байна. Харин “зээл” гэсэн түлхүүр үгээр хаягаас хайж үзэхэд 03 дугаар сарын 23-наас хойш нийт 27 группэд зээл олгох тухай зар оруулж байжээ. Энэ нь зураг дээрх бодит хүний хаягийг залилан авч, тэр үеэс хойш хуурамч мэдээлэл оруулан, бусдыг залилах санаархал агуулсан постууд оруулжээ гэж хардах үндэслэл юм.
Агуулгаар хайх
Гэртээ ажиллаж өдөрт 4 сая 500 мянган төгрөгийн орлого олох ажил өнөөдрийн байдлаар Монгол улсад байх боломжгүй гэдэг энгийн логик сэтгэлгээ таны хардах анхны сэжим юм. Цаашлаад тухай хаягийн оруулж байгаа мэдээллүүд болох “Хаан банктай бол 5 сая төгрөгийн санал байгаа” талаар мэдээллийг нягтлахдаа тус банкны албан ёсны сайтыг үзэж болно. Зөвхөн данстай байхад 5 сая төгрөгтэй болох боломж байгаа эсэхийг 18001917 дугаараас нь ч лавлах боломжтой.
Энгийн логик сэтгэлгээгээр байх боломжгүй саналууд гэдгийг мэдэх боломжтой тул энэ төрлийн мэдээлэлд хууртаж, чатаар харилцах, цаашлаад дансны мэдээллээ өгөх, шилжүүлэг хийхээс зайлсхийх нь зүйтэй.