Гадаадад болсон байгалийн үзэгдлийг Монголд болсон мэтээр түгээдэг худал мэдээллийг таних нь

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #510

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хоргын тогоо усаар дүүрч, Алтай Таван богдод үүлэн солонго харагдсан гэж нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Эдгээр мэдээллүүд нь гадаад улсад болсон үйл явдлыг Монголд болсон мэтээр мэдээлж хандалт цуглуулдаг худал мэдээллийн нэг төрөл байна.

Facebook сүлжээнд 2023 оны 03 сард “Хоргын тогоо усаар дүүрсэн” гэх мэдээлэл хүчтэй тархсан. Мөн Монголын Бурханы Шашин нэртэй пэйжид 03 дугаар сарын 11-нд “Алтай Таван Богд хайрханы тэнгэрт онцгой үзэгдэл үзэгдэв” гэх гарчигтай reel буюу дамран бичлэг оруулжээ. Тэгвэл эдгээр мэдээлэлд дурдсан үйл явдлууд Монголд үнэхээр болсон эсэхийг хэрхэн шалгах вэ гэдгийг энэ баримт шалгалтаар та бүхэнд хүргэе.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Холбогдох үйл явдлыг түлхүүр үгээр хайх

Аливаа сонин хачин үйл явдлыг Монголд болсон эсэхийг мэдэх хамгийн эхний бөгөөд энгийн алхам бол түлхүүр үгээр хайх юм. Та “Хоргын тогоо усаар дүүрсэн” гэх түлхүүр үгийг ашиглаад л Google эсвэл Facebook хайлтын систем дээр хайлт хийж болно. Мэдээж урьд хожид тохиож байгаагүй сонин, содон үйл явдал үнэхээр Монголд болсон бол хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээ бэлтгэж, олон нийтэд хүргэсэн байх өндөр магадлалтай. Түлхүүр үгээр хайхад “Хоргын тогоо усаар дүүрсэн” гэх яг ижил тайлбартай, яг ижил зургийг маш олон хэрэглэгч өөрсдийн хаягт байршуулжээ. Энгийн дүгнэлт хийхэд хэрвээ үнэхээр усаар дүүрсэн бол нутгийн иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд уг зургийг олон өнцгөөс авч нийтлэх байсан нь ойлгомжтой.

Харин шалгаж буй хоёр дахь мэдээллийг түлхүүр үгээр хайхад зөвхөн шалгаж буй эх сурвалжид байршуулсан нэг л илэрц байна. Тэгэхээр энэ мэдээлэл ч гэсэн үнэхээр болоогүй байх магадлалтай. Мөн л өмнөх жишээтэй ижил зарчмаар холбоотой мэдээ, мэдээлэл хүчтэй тархах байсан нь ойлгомжтой.

2. Зургаар хайх

Түлхүүр үгээр хайгаад Монгол улсад болсон эсэх дээр эхний сэжмийг олж болно. Хэрвээ холбогдох мэдээлэл хангалттай байхгүй бол тухайн зургийг ашиглаад Google Reverse image search хийх хэрэгтэй. Хайхыг хүссэн зургаа татаж эсвэл screenshot хийж аваад Google хайлтын камерын товчин дээр дарснаар гарч ирэх цонхон дээр зургаа сонгож оруулаарай. Усаар дүүрсэн Хоргын тогооны зургаар хайлт хийхэд энэ зургийг Twitter сүлжээнд @trollstoy88 нэртэй хэрэглэгч байршуулжээ. Зургийн тайлбар нь Орос улсын Онэкотан арал дээр байрлах Креницин галт уулын нуур гэсэн байна.

Хайлтаар олсон уг мэдээллээ баталгаажуулж Креницин гэх түлхүүр үгээр хайж үзье.

Олон давтан гарч ирж буй мэдээллээс бид уг зураг Креницин галт уулын зураг мөн болохыг баталлаа.

Харин Алтай Таван Богд гэх уулын бичлэгийг screenshot хийж мөн ижил алхмуудаар Google Reverse image search хийхэд бидний бичлэгтэй яг ижил дүрс гарч ирлээ.

Мэдээн дээр дарж ороход Youtube платформд байршуулсан Michael Anderson гэх хэрэглэгчийн бичлэг байна.

Бичлэгийг 2021 оны 10 дугаар сарын 12-нд оруулсан байх ба уг үйл явдлыг Балба улсын Гималайн нуруунд болсон гэжээ. Монголд болоогүй болохоор л түлхүүр үгээр хайлт хийхэд итгэл төрүүлэхүйц эх сурвалж дээр мэдээлэл гарч ирээгүй хэрэг.

Гадаадад болсон үйл явдлыг Монголд болсон мэтээр мэдээлж хандалт авах тохиолдол их тул та бүхэн өөрийн уншиж буй мэдээллүүдэд сонор байж, худал гэдгийг нь мэдсэн тохиолдолд бусад хэрэглэгчдэдээ ч гэсэн анхааруулаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document