Арьс цайх өвчний үед мэргэжлийн эмчид хандах нь хамгийн чухал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #509

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Vitiligo буюу арьс цайх өвчнийг хачирхалтай аргуудаар эмчилж болно гэсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Бичлэгт харуулсан аргууд нь баталгаагүй. Мөн арьс цайх өвчин нь өөр эмгэгтэй хавсарсан байх магадлалтай тул заавал мэргэжлийн эмчид хандаж оношлуулаарай.

Э. Нямдорж нэртэй хэрэглэгч “Арьс цайралтыг эмчлэх” гэсэн тайлбартай цуврал reel буюу дамран бичлэгийг байршуулжээ. Тэдгээр бичлэгүүдэд өндөгний хальс, могойн хайрс, хушганы яс, шавжийг нунтаг зэргээр Vitiligo буюу арьс цайх өвчнийг эмчилж буй мэтээр харуулсан байна. Бичлэгүүдээ хэсэгчлэн
03 дугаар сарын 16-нд оруулж 684 реакц, 99 сэтгэгдэл, 269 шэйр
03 дугаар сарын 30-нд оруулж 4.1 мянган реакц, 179 сэтгэгдэл, 3 мянган шэйр
04 дүгээр сарын 01-нд оруулж 574 реакц, 29 сэтгэгдэл, 665 шэйр
04 дүгээр сарын 03-нд оруулж 79 реакц, 7 сэтгэгдэл, 61 шэйр тус, тус цуглуулжээ.

Эдгээр бичлэгт үзүүлж байгаа аргуудын нэг нь ч арьс цайх өвчний эмчилгээний удирдамжид багтаагүй, анагаах ухааны мэргэжлийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдөөгүй, баталгаагүй аргууд байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Vitiligo буюу арьс цайх өвчний тухай

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны тайлбарт арьс цайх өвчнийг:
“Арьс цайх гэдэг нь арьсанд байх мэланин гэх будагч бодисын дутагдлын шалтгаант өвчин юм. Биеийн аль ч хэсэгт илрэх боломжтой ч ихэнх тохиолдолд нүүр, хүзүү, гар болон арьсны нугалам хэсгээр үүснэ.

Эхэн үедээ хэсэг газар цайж буй мэт харагддаг ч аажимдаа цав цагаан болдог. Төв хэсэгтээ илүү цагаан, зах хэсгээрээ арай бүдэг байх ба цайсан хэсгийн дор судас байгаа тохиолдолд цагаан гэхээсээ илүү ягаан өнгөтэй байна. Хуурайших, өвдөх зэрэг зовуурь илрэхгүй ч зарим тохиолдолд загатнадаг. Хүн хүний онцлогоос хамаараад олон жижиг цоохорлож эсвэл хэсэг газраа тэлж болно.

Арьс цайх өвчний 10 тохиолдол тутмын 9 нь аутоиммуны эмгэгийн шалтгаант, 1 нь арьсны мэдрэлийн эмгэгээс үүдэлтэй. Аутоиммуны эмгэгийн үед дархлааны тогтолцоо өөрийн эрүүл эс рүүгээ халддаг. Энэ үед меланоцит буюу меланин боловсруулагч эс рүү довтолбол арьс цайх өвчин эхэлнэ. Арьсан дунд буй мэдрэлийн судлын төгсгөлөөс ялгарах бодисын нөлөөгөөр меланоцит эс үхэжсэн тохиолдолд мэдрэлийн эмгэгээс үүдэлтэй хэсэг газрын арьс цайлт үүсэж болно” гэсэн байна.

2. Арьс цайх өвчнийг эмчлэх арга одоогоор гараагүй байна

АНУ-ын Арьсны өвчин судлалын эмч нарын холбооны вэбсайтад байршуулсан мэдээллээр:
“Таныг арьс цайх өвчтэй эсэхийг баттай тодорхойлохын тулд цусны шинжилгээ зайлшгүй авна. Бусад шалтгаан, механик гэмтлийн нөлөөгөөр ч арьс цайж болно. Харин арьс цайх өвчин нь аутоиммуны өвчин учир хавсарсан өөр дархлааны эмгэгтэй байх магадлалтай.

Шинжилгээний дараа эмч таныг эмчилгээ хийлгэх эсэхийг тодруулдаг. Одоогоор анагаах ухаанд арьс цайх өвчнийг сууриар нь бүрэн эмчлэх арга байхгүй, зөвхөн цайсан байгаа хэсгийг л эмчлэх арга байна.

Цайрсан арьсны өнгийг сэргээх, цайрсан арьсны тэлэлтийг удаашруулах хоёр төрлийн эмчилгээ бий. Арьс цайх өвчний эмчилгээ удаан, санаснаар болохгүй, мөн суурь эмгэг нь эдгэхгүй гэдгийг санаад авахад илүүдэхгүй.

Цайрсан арьсны өнгийг сэргээхэд эмч танд тохиромжтой даавар агуулсан тос, лазер эмчилгээг санал болгоно. Харин эмийн эмчилгээ хийж байж цайлтын тэлэлтийг удаашруулна. Эсвэл маш ховор тохиолдолд цайсан хэсгийг хэвээр үлдээж, бусад хэсгийг ижил болгож цайруулах нь бий” гэсэн байна.

IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн THIP Media төв хушга шатааж тавих нь арьс цайх өвчний үед үр дүнгүй болохыг баримт шалгалтынхаа тайландаа дурдсан байна. Тус тайланд Арьсны өвчин судлаач Жиоти Каннангатын ярилцлагыг хавсаргажээ. Тэрээр:
“Арьс цайх өвчин гадна шинж тэмдэгтэй гэхээсээ илүү дотор өвчний суурьтай тэмцэж байж үр дүнгээ өгдөг. Гаднаас нь ямар нэг юм түрхээд эмчилнэ гэх боломжгүй. Мөн дархлаа дарангуйлах эмийн эмчилгээ хийлгэх боломжтой” гэсэн байна.

Дээрх баримт шалгалтад дурдсан шиг арьс цайх өвчин нь дархлааны эмгэг бөгөөд өөр төрлийн эмгэг хавсарсан байдлаар таны биед байх боломжтой учир мэргэжлийн эмчид заавал үзүүлж, өөрийн эрүүл мэндийн байдлыг оношлуулаарай. Цахим орчинд түгэж буй баталгаагүй аргуудад итгэж цаг алдалгүйгээр бусад болзошгүй эмгэгүүдээс ч урьдчилан сэргийлэх нь танд ач тустай юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document