Европын зарим улсын муж, тосгонд оршин суух 40-оос доош насны хүмүүст тодорхой шалгууруудын дагуу мөнгө олгодог

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #507

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Нүүж очихыг хүсвэл судлаад үзээрэй” гэх тайлбартай мэдээлэл оруулжээ. 

Баримт шалгалтын үр дүн

Италийн Калабрия муж, Швейцарийн Албинен тосгонд нүүн очиж, оршин суух 40-оос доош насны хүмүүст тодорхой шалгууруудын дагуу мөнгө олгодог байна.

2023 оны 04 дүгээр сарын 13-нд GOY YUM HELEH UU? нэртэй пэйжэд “Нүүж очихыг хүсвэл судлаад үзээрэй” гэсэн тайлбартай reels оруулсан нь 04 дүгээр сарын 25-ны байдлаар 17.7 мянга гаруй реакц, 608 сэтгэгдэл авч, 6.1 мянган удаа цааш түгээгджээ.

Тус мэдээлэлд “Италын Калабриа хот нь 3 жил нүүж ирэх хүмүүст 33,000 доллар санал болгодог бол Швейцарийн Албиана мужид 25,000 доллар төлөхөөс гадна амьдарч байхдаа хүүхэдтэй болбол хүүхэд бүрт 10,000 доллар санал болгодог. Хүн амын тоо буурч байгаа учир өөр улсаас залуу хүмүүсийг татахын тулд ийм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа” гэжээ. 

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Италийн Калабрия мужийн талаар тус мужийн албан ёсны сайтад байршсан мэдээлэл болон олон улсын эх сурвалжийн мэдээллүүдээс хайж, агуулгыг нягталлаа. 

Италийн Калабрия муж нь тус газарт нүүж очоод, доод тал нь гурван жил амьдрах хүмүүст 28,000 хүртэлх еврогийн мөнгөн урамшуулал олгох төслийг 2021 оны 08 дугаар сараас эхлэн хэрэгжүүлжээ. 

Гэхдээ оршин суух хүсэлтэй хүмүүст доорх шалгуурыг тавьсан байна. Үүнд: 

  • 40-өөс доош насны иргэн байх; 
  • Тус улсад нэвтрэх хүсэлт нь зөвшөөрөгдсөнөөс хойш 90 хоногийн дотор Калабрия мужийн 2000-аас доош оршин суугчтай аль нэг сууринд хаягаа шилжүүлэх;
  • Засгийн газраас олгох 28,000 евро буюу 33,000 орчим ам.долларыг ямар нэг жижиг бизнес эхлүүлэхэд ашиглах ёстой. 

Энэ нь Калабриягийн засгийн газраас тухайн бүс нутгийг эдийн засгийн хувьд илүү үнэ цэнтэй болгох арван төлөвлөгөөний нэг болон хэрэгжиж буй аж. 

2. Швейцарийн Албинен тосгоны хувьд мөн албан ёсны сайтад байршсан мэдээлэл болон бусад эх сурвалжийн мэдээллээс хайж, агуулгыг нягтлав. 

Албинен нь Швейцарийн Вале мужийн Лиүк дүүрэгт харьяалагддаг байна. Албинен хэмээх тус жижиг тосгоны оршин суугчдын тоо сүүлийн хэдэн жилд багасаж, ердөө 240 оршин суугч үлдсэн учраас хотын захиргаа нь тэнд амьдрах гэр бүлүүдийг дэмжих журмыг 2018 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлжээ. Үүний хүрээнд тухайн тосгонд нүүж очсон гэр бүлийн гишүүн бүрт мөнгө өгөх, амьдрах байшингийн мөнгийг нь төлөх заалтыг тусгажээ. Тодруулбал, насанд хүрсэн хүнд 26,000 гаруй ам.доллар, хүүхдэд 10,000 гаруй ам.доллар тус тус олгоно гэжээ. 

Тус хөтөлбөрт хамрагдахын тулд: 

  • 45-аас доош насны Швейцарийн иргэн байх эсвэл тэнд байнгын оршин суух зөвшөөрөлтэй байх; 
  • Cонгосон үл хөдлөх хөрөнгө нь багадаа 215,000 орчим доллартай тэнцэх үнэтэй байх; 
  • Тухайн гэртээ байнгын оршин суух ба доод тал нь 10 жил амьдрах амлалт өгөх ёстой, үгүй бол мөнгөө буцааж төлөх шаардлагатай зэргийг тусгасан байна.

Шалгасан мэдээлэлд тухайн нутаг, дэвсгэр, засаг захиргааны нэгжийн нэр, статусыг алдаатай бичсэнийг залруулан хүргэе. “Италын Калабриа хот” бус Италийн Калабрия муж, “Швейцарын Албани муж” бус Швейцарийн Албинен тосгон юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document