“Цалинтай ээж, хүүхдийн мөнгө авдаг бол барьцаагүй зээл олгоно” гэх гэх хуурамч мэдээллээр луйвар хийж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #505

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цалинтай ээж, хүүхдийн мөнгө барьцаалж, 1 цагийн дотор 5 сая хүртэлх төгрөгийн хэрэглээний зээлийг орлого нотлохгүй олгоно гэх мэдээллийг цахим орчинд түгээсэн.

Баримт шалгалтын үр дүн

Зээл өгч байна гэх мэтээр олон давтамжтай пост оруулж буй тус хаягт холбоо барих хаяг, байршил, утасны дугаар байхгүй, зөвхөн чатаар харилцах нөхцөл тулгасан зэрэг цахим залилангийн шинж чанарыг агуулсан учир иргэн та хувийн мэдээлэл, дансны дугаараа өгч, хөрөнгө санхүүгээрээ хохирохоос сэргийлээрэй.

2023 оны 01 дүгээр сарын 06-наас эхлэн “Т.Энхүүш” нэртэй хэрэглэгчийн хаягаас “Яаралтай зээл хэрэгтэй хүн байна уу. Цалинтай ээж, хүүхдийн мөнгө авдаг бол 1 цагийн дотор 5 сая хүртэлх төгрөгийн хэрэглээний зээлийг орлого нотлохгүй, аль ч аймаг, сумын иргэн авах боломжтой. Зөвхөн чат” гэх тайлбартай постуудыг оруулсаар байна.

Постын доор сэтгэгдэл бичсэн хүмүүсийг зөвхөн чат бичихийг сануулдаг бөгөөд хэрхэн зээл авч болохыг тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсний дараа зааж өгнө гэж хэлээд мөнгө авсан, дараа нь чат бичиж болохгүй байсан зэрэг сэтгэгдлийг хүмүүс бичжээ. Эндээс тухайн хаяг зээл олгох нэрийдлээр хүмүүсээс мөнгө авч, залилан хийдэг болох нь харагдаж байна. 

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Шалгаж буй мэдээлэлд дурдсан “цалинтай ээж” буюу 0-3 насны хүүхдээ асарсны тэтгэмжийг барьцаалан зээл олгохыг хуулиар хориглосон байна.

Хаягийг нягтлах

Мэдээлэл оруулсан хэрэглэгчийн хаяг “Т.Энхүүш”, user ID нь “100088596942543”.

2022 оны 12 дугаар сарын 17-нд тус хаягт хамгийн анх анимэйшний дүр төрх бүхий профайл зургийг оруулсан байна. Тухайн хаягийн эзнийг тодорхойлж болохуйц ямар нэг өөр мэдээлэл, зураг байхгүй ба олон нийтэд нээлттэй оруулсан мэдээлэл нь зээл олгох талаар болон бусдын постыг хуваалцсан байдалтай байна. Эдгээр шинжээр тухайн хаягийг бодит хүн, эвсэл хуурамч гэдгийг тодорхойлох боломжгүй.

Тухайн хаягийг баталгаатай эсэхийг мэдэх боломжгүй үед агуулгаар хайж, эх сурвалж, холбогдох хууль тогтоомж, баримт бичгүүдээс тодруулж нягтлах шаардлагатай.

Агуулгыг нягтлах

Шалгаж буй мэдээлэлд дурдсан цалинтай ээж буюу 0-3 насны хүүхдээ асарсны тэтгэмжийг барьцаалан зээл олгохыг хуулиар хориглосон байна. Тодруулбал, 

Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн 7.5.-д “Банк, санхүүгийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан тэтгэмжийг /жирэмсэн эхийн, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны, ихэр хүүхдийн; гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж/ барьцаалан зээл олгохыг хориглоно” хэмээн заажээ.

Харин Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д мөнгөн тэтгэмж олгох, зарцуулах талаар ийнхүү заасан байна. 

  • 1.4-д хүүхдийн мөнгийг банкны дансаар дамжуулан олгохоор,
  • 3.1, 3.2, 3.3-д хүүхдийн мөнгийн тодорхой хувийг банканд хадгаламж хэлбэрээр хуримтлуулахыг,
  • 5.2.-т Өрхийн гишүүн-иргэн хүүхдийн мөнгийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахгүй байхыг тусгайлан заажээ. 

Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн мөнгө барьцаалсан зээл” гэх бүтээгдэхүүн одоогоор Монгол Улсын банк, санхүүгийн салбарын үйлчилгээнд байхгүй. 

Мөн дээрх төрлийн зээл өгч байгаа мэтээр олон давтамжтай пост оруулж буй тус хаягт холбоо барих хаяг, байршил, утасны дугаар байхгүй, зөвхөн чатаар харилцах нөхцөл тулгасан зэрэг цахим залилангийн шинж чанарыг агуулсан учир иргэн та хувийн мэдээлэл, дансны дугаараа өгч, хөрөнгө санхүүгээрээ хохирохоос сэргийлээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document