2023 оны 04 дүгээр сарын 11-нд Toyota Hilux, Club нэртэй пэйжид “Одоогоор хэн ч 86-аас өөр дугаар олсонгүй. Шинэ ялагч гараагүй байна. Хожих 5 Toyota Hilux, Club байна” гэх постыг нийтэлсэн нь 04 дүгээр сарын 25-ны байдлаар 2 мянган реакц, 32 мянган сэтгэгдэл цуглуулж, 7.8 мянган удаа цааш түгээжээ.
Бичлэгийн сэтгэгдэл хэсэгт “Манай хуудсанд лайк дарсан эсэхээ шалгаарай. Үүнийг өөрийн бүх фэйсбүүк группт шэйр хийгээрэй. Оролцсоноо баталгаажуулж энд бүртгүүлээрэй” гээд toyota-fans-mongol.blogspot.com гэх домайн холбоосыг дурдсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1. Эх сурвалжийг шалгах
Аливаа мэдээлэлд итгэж хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө таны хамгийн түрүүнд хийх ёстой алхам бол эх сурвалжийг шалгах юм.
Ямар нэг брэндийн өмнөөс бэлэг тараана, урамшуулал олгоно гэсэн бол тухайн пэйж нь баталгаажсан тэмдэггүй л бол ихэнх тохиолдолд худал байна.
Мэдээлэл түгээсэн эх сурвалж нь пэйж байгаа тохиолдолд та Page Transparency цэс рүү орж хэн, хэзээ уг пэйжийг үүсгэж, хаанаас удирддаг зэрэг мэдээллийг харах боломжтой.
Бидний шалгаж буй пэйжийг анх 2021 оны 04 дүгээр сарын 03-нд Giu нэрээр үүсгэсэн ч энэ оны 04 дүгээр сарын 7-нд нэрийг нь одоо байгаа нэрээр буюу Toyota Hilux ,Club гэж сольсон байна.
Пэйжийн ангилал нь худалдаа үйлдвэрлэлийн бус Fan page буюу дэмжигчдийн пэйж гэсэн байна. Харин пэйжийг Индонез улсаас удирддаг гэжээ.
Бидэнд буй эдгээр мэдээлэл энэ эх сурвалж баталгаагүй болохыг харуулж байна. Индонез улсаас удирддаг баталгаагүй пэйжээр Монголд байгаа хэрэглэгчдэд Lexus брэндийн нэрийн өмнөөс хонжвор тараана гэж байхгүй.
2. Хавсаргасан холбоос нь таны хувийн мэдээллийг хулгайлах зорилготой байдаг
Аливаа мэдээлэлд хавсаргасан холбоосыг сайтар нягтлах нь чухал. Үндсэн домайнаас нэг үсэг эсвэл тэмдэгт өөрчлөөд л яг ижилхэн нүүр хуудас гаргаад хэрэглэгчдийг луйвардах оролдлого хийх нь ч бий. Бидний шалгаж буй мэдээлэлд toyota-mongol-fans.blogspot.com гэсэн байна. Домайны өргөтгөл нь blogspot гэсэн байвал дурын хэрэглэгч өөрөө шинэ хуудас үүсгэх боломжтой платформын нэршил гэдгийг мэдэж аваарай.
Холбоос дээр дарж ороход сайтын хийц, бичвэрийнх нь найрлага, ашигласан үг, хэллэг зэргээр нь хуурамч сайтыг таньж болно. Ороход л “Та азтан боллоо” гэх бичвэр гарч ирж буй ч дараагийн өгүүлбэр нь хэл, найруулгын хувьд ойлгомжгүй байна. Мөн ашигласан зургуудыг Google Reverse image search хийж хайхад яг энэ зургуудаа ашиглаж маш олон удаа спам байдлаар пост оруулжээ.
Мөн бүртгэл үнэгүй, ялагч болсон гэсэн хэрнээ баталгаажуулах зорилгоор таны кредит картын мэдээллийг авна гэжээ. Мэдээж үнэгүй бол тэдэнд таны картын мэдээлэл хэрэггүй.
Хэрвээ та “Энд дарж бүртгүүлнэ үү” гэсэн сонголт дээр дарах үедээ аль хэдийнээ Facebook хаягаа өөр цонхон дээр нээсэн бол энэ холбоосоор дамжуулан таны мэдээллийг шууд хуулбарлах, үгүй бол танаас хаягийн нэвтрэх мэдээллийг тань нэхэж болзошгүй. Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөхүүд таныг нэвтрэх нэр, нууц үг зэргээ үндсэн платформоос гадуурх бусад төхөөрөмж, платформууд дээр оруулахгүй байхыг зөвлөдөг.