Солгой гартай хүмүүс богино насалдаг гэдэг буруу ойлголт

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #503

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Солгой гартай хүмүүс 8-10 жилээр бага насалдаг гэх мэдээллийг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус судалгаа нь 1990 онд гарсан буюу хуучирсан бөгөөд түүнээс хойш олон улсад няцаагдсан мэдээлэл байна.

2022 оны 04 дүгээр сарын 23-нд Бофакт нэртэй пэйжид “Солгой хүмүүс солгой биш хүмүүсээс 5-10 жил богино насалдаг” гэх бичвэр агуулсан зургийг “Эмэгтэй хүмүүс дунджаар 5 жил, эрэгтэй хүмүүс дунджаар 10 жилээр богино насалдаг” гэх тайлбар, мөн New York Times сонины нийтлэлийн холбоосын хамт байршуулсан нь 04 дүгээр сарын 23-ны байдлаар 153 реакц, 86 сэтгэгдэл авч, 132 удаа цааш түгээсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Уг баримт нь хуучирсан

Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан холбоост солгой хүмүүс богино насалдаг тухай мэдээлэл байгаа боловч 1991 оны 04 дүгээр сарын 04-нд байршуулсан буюу хуучирсан судалгаа юм.

Тус мэдээнд “Өмнөд Калифорнид нас барсан хүмүүсийн дунд хийсэн судалгааны дүнг The New England Анагаах ухааны сэтгүүлд хэвлүүлжээ. Солгой биш хүмүүс 75 насалж байхад, солгой гартнууд 66 насалж байсан байна. Тухайлбал солгой эмэгтэйчүүд 5 жилээр, солгой эрэгтэйчүүд 10 жилээр бага насалдаг” гэсэн байна.

2. Уг мэдээллийг эрдэмтэд хожим няцаасан байна

2013 оны 09 дүгээр сарын 07-нд BBC агентлаг “Солгой гартай хүмүүс үнэхээр богино насалдаг уу?” гэх гарчигтай нийтлэл гаргасан. Тус нийтлэлд “Зүүн гар, баруун гар” номын зохиолч, Лондоны их сургуулийн коллежийн Сэтгэл судлал, анагаах ухааны боловсролын багш Крис Макманусын ярилцлагыг хавсаргасан байна. Тэр 1980 болон 1990 онуудад хүчтэй тархаад байсан, бидний одоо шалгаж буй мэдээллийг няцаажээ. Нийтлэлийн хэсгээс хүргэе.

“Хэрэв энэ үнэн байсан бол хүний насжилтад хамгийн хүчтэй нөлөөлөх хүчин зүйл болох байлаа. 9 жилээр бага насална гэдэг өдөр болгон 120 ширхэг янжуур татаж, өөр янз бүрийн аюултай үйлдлүүд хийж байсантай ижил гэсэн үг. Гэтэл хэрэв үнэхээр ийм хүчтэй нөлөөлдөг байсан бол эпидэмиологичид /өвчний тархалт судлаачид/ аль эрт солгой байхыг өвчин гээд илрүүлчих байсан. Тус судалгаанд арга зүйн маш том алдаа гаргасан. Судалгааг хийхдээ нас барагсдын ар гэр рүү залгаж, солгой байсан эсэхийг нь асуусан байгаа юм. Тэгээд 2000 тохиолдлоос солгой хүмүүс 9 жилээр бага насалдаг гэх дүгнэлтэд хүржээ. Өнгөц харахад зөв дүгнэлтэд хүрсэн мэт боловч үнэндээ үгүй. Судалгааны олонлог зөвхөн нас барсан хүмүүс байсан нь буруу. Учир нь одоо цагт солгой гартай хүмүүс илүү их болсон. Харин тус судалгааг хийх үед нас барсан солгой хүмүүс дандаа залуу хүмүүс байсан хэрэг. Тодруулбал, 1900 оны үед хүмүүсийг солгой гартай байхыг бараг л цээрлэдэг, үйлдвэрийн машин техник, ажлын орчин зэрэг нь солгой хүмүүст ээлгүй байв. Мөн сургуулиудад ч зүүн гартай хүүхдийг хүчээр засах гэж оролдож, баруун гараараа бичиж чадахгүй бол ухаан муутай мэтээр хардаг үе байв. Тэгэхээр Өмнөд Калифорнийн нас барагсдын жагсаалтад байсан “солгой биш” гэх хүмүүс анхнаасаа солгой төрсөн ч өөрчлөгдсөн байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, харьцангуй урт насалсан буюу солгой байхыг цээрлэдэг үед төрөөд, хүчээр “засаж” солгой биш болсон хүмүүсийн нас баралтыг дээрх “цээрлэлийн” үеэс хойно төрсөн, солгойгоо засах шаардлагагүй харьцангуй залуу хүмүүсийн нас баралттай харьцуулсан хэрэг” гэжээ.

Эх сурвалж: BBC: Do left-handed people really die young?

Мөн IFCN буюу Олон улсын баримт шалгагчдын сүлжээний баталгаажсан гишүүн Snopes агентлаг ч уг мэдээлэлд баримт шалгалт хийж, тайланг 2017 оны 03 дугаар сарын 08-нд вэбсайтдаа байршуулсан байна. Тус баримт шалгалтад:

“Олон судлаач солгой гартай хүмүүс эрт нас бардаг гэсэн 1990 оны хуучирсан судалгааны ажлыг шүүмжилсэн байдаг. 1900-аад оны эхэн үед төрсөн солгой гартай хүмүүсийг хүчээр солгой биш байхыг шаарддаг байсан тул нас барсан үедээ төрөлхийн солгой нь бүртгэгдээгүй хэрэг. Зарим түүхэн эх сурвалжууд ч үүнийг баталдаг. Хэл зүйн давамгайлал ба сэтгэцийн өөрчлөлт номонд:
“Нийт хүн амын 90 хувь нь баруун, 10 хувь нь солгой гартай байна. Мөн сүүлийн 200,000 жилийн хугацаанд нийт хүн төрөлхтний 8-10 хувь нь солгой байсан байх магадлалтай. Солгой гартай хүмүүстэй холбогдох баримтууд XIX зууны эхэн үеэс эхлэн арай тодорхой болжээ. Харин Викториагийн эрин үед солгой гартай хүмүүсийн тоо огцом буурч, нийт хүн амын 3 хүртэлх хувьд хүрсэн тухай баримт бий. Харин энэ тоо хожим сэргэж 1940, 1950 онд төрсөн хүмүүсийн дундах солгой гартнуудын тоо хэвийн хэмжээндээ дөхсөн байна” гэжээ.

Үүнээс харвал 1990 оноос өмнө нас барсан хүмүүсийн дунд дүгнэлт хийх нь алдаатай судалгаа бий болох үндэс юм.
Өвчний тархалт судлаач Кэннэт Ротман “Дундаж наслалтыг шууд нас барсан хүмүүсийн дунд тодорхойлно гэдэг логик алдаа. Хэрэв зөвхөн нас баралтын дунд судалгаа хийчихвэл цэцэрлэг, агаарын шүхрийн сургууль хоёрын цэцэрлэг нь илүү аюултай болчихно. Угаасаа цэцэрлэгт бүртгэгдсэн нас баралтын нас, агаарын шүхрийн сургуульд нас барсан хүмүүсийнхээс бага байх нь ойлгомжтой шүү дээ” гэжээ. Мөн Дани улсын Ихрүүдийн мэдээллийн сан 118 баруун болон солгой гартай ихрүүдийн дунд судалгаа хийж, насжилтыг бүртгэхэд гар ямар байхаас хамаарсан зөрүү байгаагүй” гэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document